Ч.Болдбаатар: БНМАУ-ын Үндсэн хууль (1924)-ийн албан ёсны эхийг Д.Нацагдорж, Х.Дашням нар сийрүүлэн бичсэн гэж дурдсан байдаг
Мэдээллийн алба

1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засгийг тунхагласны 102 жилийн ой өнөөдөр болно. Энэ өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ч.Болдбаатартай ярилцлаа.
- Энэ өдрийг Бүгд найрамдах засгийг тунхагласан өдөр гэж тайлбарладаг. Үүнээс яриагаа эхэлье?
- Хүн төрөлхтний төрт ёсны түүхийг харвал нэг хаан нөгөөгөөр солигдон залгамжилж ирсэн байдаг. Чингис хааны дараа хүү Өгэдэй, Өгэдэйн хүү Гүюг, Толуйн хөвүүн Мөнх хаан ширээнд суусан гэх мэтээр алтан ургийнхан л төр барьж байж. Хэрэв өөр гарал угсаатай нэгэн хаан болбол улс гүрэн эвдэрч, хааны ширээний төлөөх тэмцэл өрнөж байсныг түүхээс харж болно. Үүнийг бид хаант засаг гэж нэрлэдэг. Гэтэл түүхэн хөгжлийн явцад хааны оронд олон нийтийн хурал байж болох уу гэдэг үзэл санаа гарч ирсэн. Энэ хурал нь хааны эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, татварын хувь хэмжээг тогтоох зэргээр чухал шийдвэр гаргах болсон. Улмаар хурлыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал урган гарч, олон хувилбар туршиж хэрэглэсний эцэст хурлын төлөөлөгчдийг ард иргэд нь өөрсдөө сонгодог тогтолцоонд шилжсэн. Иргэд нь төрийн эрх барих дээд байгууллагаа тодорхой хугацаагаар сонгож байгуулдаг энэ хэлбэрийг бүгд найрамдах засаглал гэж нэрлээд байгаа юм.
Манай улс төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй, сүүлийн 100 жил нь бүгд найрамдах буюу сонгуульт засаглалд холбогдоно. Тэгэхээр 1924 оноос хойш Монгол Улсын ард иргэд төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулдаг болсон гэсэн үг. Энэ засаглалд шилжсэн өдөр нь өнөөдөр.
-Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн. Энэ нэрийг сонсохоор улс байгуулагдсан өдөр гэж ойлгохоор байдаг ?
- Энэ ялгаатай ойлголт л доо. Улс тунхагласан өдөр гэдэг бол тухайн улсын хувьд төрсөн өдөр нь. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр. Улсын эзэн буюу төрийн тэргүүн нь Богд хаан буюу тусгаар тогтнолоо тунхаглан зарласан улс орон маань хаант засагтай улс байсан. Харин 1924 онд Богд хаан маань насан өөд болж, улсын Үндсэн хуульд заасан ёсоор төрийн эрх барих байгууллагаа ард иргэд нийтээрээ сонгодог улс болж өөрчлөгдсөн. Ийнхүү Үндсэн хуулиар Монгол Улс хаант засаглалыг халж, бүгд найрамдах буюу сонгуулийг эрхэмлэсэн улс болсон гэсэн үг.
Улс тунхагласан гэж нэрлэдэг тухайд Үндсэн хуулийн 1-р зүйлд тодорхой дурдсан байдаг.Тэнд ингэж бичсэн байна: Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино гэжээ. Энэ нь БНМАУ-ыг тунхагласан гэсэн үг юм.
- Улсын Үндсэн хуулийг баталсан Улсын Их Хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгосон юм бэ?
- 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хамгийн чухал арга хэмжээ бол хамжлагат ёсыг халсан явдал юм. 1922 онд хамжлагат буюу эзэн харьяатын ёсыг устгасан. Улмаар “Засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”, “Нутгийн захиргааны дүрэм”-ийг Ардын Засгийн газраас батлан гаргасан. Энэ дүрмээр хошууны засаг ноён угсаа залгамжлахыг хориглож, 10 гэрээс дээш баг, сум, хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дараагаар хурал байгуулах, хурлын төлөөлөгчид, дарга, албан тушаалтныг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий сайн мэддэг, олны ашиг тусыг боддог, цэгц шударга, чадвал бичиг үсэгт боловсронгуй, өөрийн оролдсон ажлаа бүтээн чаддаг хүнийг сонгохоор заасан. Олон хошууны засаг даргыг сонгох орон нутгийн засаг захиргааны сонгуулийг явуулахад МАН, Хувьсгал залуучуудын эвлэлийн үүр хороод ихээхэн идэвхтэй оролцсон. Ийнхүү 10 гэр, баг, сумын хурлууд бий болж, 1924 оны таваас есдүгээр сард сумдын хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн хошуудын хурал хуралдаж, есдүгээр сард аймаг, шавийн их хурал болж хошуу сумын зохион байгуулалт, аймгийн захиргааг шинээр сонгон баталж, харьяат аймаг орны аж ахуй, эдийн засаг нийгэм соёлын асуудлыг хэлэлцсэн. Энэ хурлаар Улсын анхдугаар Их Хуралд одох төлөөлөгчдийг нууц санал хураалтаар сонгосон.
Улсын анхдугаар Их Хурлын бүртгэлээс харахад Халх дөрөв, шавь тав, Дөрвөд хоёр аймаг, Алтай ба Хөвсгөл нуурын урианхай, Ховдын тариачин, Дарьганга хошуу бас ардын цэргийн ангиудаас нийт 90 төлөөлөгч сонгогдсноос 77 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Тэдний 6 нь тайж, 9 лам, нам, эвлэлийн гишүүн 64 хүн байж. Хамгийн залуу нь 21 настай нийслэлийн цэргийн даргын сургуулийн ажилтан Дагва, ахмад нь Халхын голын хошууны харьяат ард, 63 настай Санжаа нар байсан.

Энэ зургийн тайлбар. Зурагт Улсын Их Хурлын дэд дарга Ө.Бадрах, Улсын Их Хурлын дарга Н.Жадамба, цаана нь Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов, Ерөнхий сайд Б.Цэрэндорж, Буриад Монголын төлөөлөгч, Буриадын Ерөнхий сайд М.Ербанов, Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж нар харагдана.
Улсын Их Хурал хаана хэдийд хуралдав?
Ингээд 1924 оны 11 дүгээр сарын 8-28-ны өдрүүдэд Улсын анхдугаар Их Хурал одоогийн Улаанбаатар зочид буудлын буурин дээр байсан хоёр давхар туйпуун байшинд, тухайн үеийн МАН-ын Төв Хороо, Засгийн газрын байрны нэг давхарт хуралдсан. Төлөөлөгчөөр ирсэн хүмүүсийг манай МУБИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны орчим байрлаж байсан Дотоод яамнаа бүртгэж, 10 ханатай гэр буудалд байрлуулсан байдаг. Улсын Их Хурлын 13, 14 дэх өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн. Ерөнхий сайд Б.Цэрэндорж гуай Үндсэн хуулийн эх баригчаар ажиллаж, Үндсэн хуулийн төслийг зүйл нэг бүрээр уншиж хэлэлцэн баталсан. Их Хурлын төлөөлөгчид их идэвхтэй оролцож, 60 гаруй төлөөлөгч асуулт асууж, үг хэлсэн байдаг. Ингээд зургаан бүлэг, 50 зүйлтэйгээр Үндсэн хуулийг баталсан. БНМАУ-ын Үндсэн хуулийн албан ёсны эхийг Засгийн газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зохиолч Д.Нацагдорж, Ардыг Гэгэрүүлэх яамны эрхэлсэн түшмэл Х.Дашням нар хамтдаа сийрүүлэн бичсэн гэж дурдсан байдаг. Д.Нацагдорж хожим нь энэ үйл явдлыг онцолж, урьд үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болсон гэж тэмдэглэсэн байдаг. Үнэндээ энэ бол тухайн цаг үедээ үнэнхүү сонин гайхамшигт үйл явдал байсан нь эргэлзээгүй, яамдын илтгэл тайланг хэлэлцэх явцад Шүүх яамны сайд Сономдоржийн хариултад эгдүүцсэн төлөөлөгч Н.Гонжоон, улсын дээд тушаалтан этгээд энэ мэтээр гүтгэн төлөөлөгчдөд халдваас ард олны санал зорилтыг илэрхийлж ашиг хорыг шүүмжлэхэд ард олны төлөөлөгчдөд боогдолтой мэт гэх зэргээр хурц ширүүн марган мэтгэлцэж байсан байдаг.
- Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад өөрчлөлт орсон зүйл бий юу?
- Улсын Их Хурал хуралдахаас нэлээд өмнө батадсан УИХ-ын дүрэмд мөнхүү хурлын төлөөлөгчдийг 3 жилийн хугацаатай сонгохоор заасан боловч 1924 оны Үндсэн хуулиар Улсын Их Хурлыг нэг жилийн хугацаатай болгож өөрчилсөн байдаг. Мөн Үндсэн хуулийн төсөлд, Улсын Бага Хурлын чөлөө цагт улсын дээд эрхийг мөн хурлын Тэргүүлэгчид барихаар тусгасныг хэлэлцэх явцад өөрчилж, Засгийн газрын хамт барилцахаар заасан. Улсын нийслэлийг хэрхэн нэрлэх асуудлаар олон санал, нэр гарч байсан байдаг. Ингээд 1924 оноос эхэлж нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэсэн.
- Үндсэн хуулийн төсийг хэлэлцэх явцад хамгийн удаан хэлэлцсэн зүйл заалт бий юу?
- Ерөнхийдөө их хурдан хэлэлцсэн. 1924 оны 11 дүгээр сарын 25-26-ны мягмар, лхагва гарагт хэлэлцэж баталсан. Харин Үндсэн хуулийн төслийг боловсруулах явцад маргаан гарч удсан зүйл бол бий. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүн Ж.Цэвээн гуай Зөвлөлтийн талын байр суурийг сөрж байсан нь мэдэгддэг.
- Эмэгтэйчүүдийн оролцоо байсан уу?
- Миний мэдэхээр Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгч дотор эмэгтэй хүн байгаагүй. Харин БНМАУ-ын Үндсэн хуульд эр эм ялгалгүй, 18 нас хүрвээс сонгох сонгогдох эрхтэй байхаар хуульчилсан. Энэ бол эмэгтэйчүүд төрийн албанд оролцох, сонгогдох эрхтэй байхаар хуульчилсан, нийгмийн том өөрчлөлт байсан. Үүний дагуу 1925 оноос Улсын Их ба Бага Хуралд эмэгтэйчүүд сонгогдож оролцож эхэлсэн. Миний санаж байгаагаар 1925 онд Улсын II Их Хуралд Хан Тайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошууны харьяат, эмэгтэй Юмбүүгийн Намжилсүрэн оролцсон, 1925 онд Улсын Бага Хурлын гишүүнээр Дэлгэр их уулын аймгийн Баянзүрх уулын хошууны харьяат, 26 настай МХЗЭ-ийн гишүүн Лувсандулам гэгч, бас Богд хан уулын аймгийн Их Түшиг уулын хошууны цахар, 20 настай эвлэлийн гишүүн Бороогийн Хоролсүрэн нар сонгогдсон. Энэ хоёр эмэгтэй хоёул Улаанбаатарт сургуульд суралцах хугацаандаа төрийн эрх барих дээд байгууллын түшээ болж ажиллаж байсан байдаг. За ингээд дуусгах уу.
-Ярилцсанд танд баярлалаа


















