61 сая толгой малын 53 хувь байгаль, цаг уурын хүнд нөхцөлд өвөлжиж, хаваржихаар байна
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогоор 58.09 сая толгой мал тоологдож, 2026 онд 18.9 сая толгой төл хүлээн авч, бойжуулснаар 76.9 сая толгой мал зун, намрын улиралд бэлчээрлэж байснаас 15.0 сая толгой малыг мал мах бэлтгэл болон хүн амын дотоодын хэрэгцээнд хэрэглэж 61.09 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоолол гарсан.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд аймаг, сумдаас авсан нэгтгэлээр 205.1 мянган өрхөд 61.09 сая, хонин толгойд шилжүүлснээр 121.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа бөгөөд нийт мал сүргийн 23.8 хувь баруун, 24.3 хувь хангайн, 12.3 хувь говийн, 14.1 хувь хойд, 15.3 хувь зүүн, 9.3 хувь төвийн бүсэд тус тус өвөлжиж, хаваржихаар байна.
Зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 7.7 сая, говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймагт 7.5 сая мал, цасан бүрхүүл их тогтсон Завхан, Хөвсгөл, Архангай, Булган аймгуудад 17.5 сая мал, нийт мал сүргийн 53.4 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа тул эдгээр бүсийн өвөлжилт, хаваржилтад анхаарал хандуулах шаардлага байгааг илэрхийлж байна.


















