Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89 хувьтай байна
Мэдээллийн алба

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт, уст цэг, малын хашаа, саравчны хүрэлцээ зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд нэгдсэн дүнгээр 89 хувь бэлтгэл хангагдаад байна.
ХХААХҮЯ-наас Засгийн газрын 286 дугаар тогтоол болон түүний хавсралтаар өгөгдсөн үүргийг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Энэ жилийн зуншлага нийт нутгийн 50 хувьд гандуу байв. Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 47.5 гаруй хувьд хэтэрсэн дүн мэдээ гарсан. Мөн 11 дүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр 15 аймгийн 105 суманд буюу нийт нутгийн 26 хувьд нэн их, их эрсдэлтэй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилсан мэдээлэл гарчээ.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 21.3 мянган тонн өвс, 6.6 мянган тонн хүчит тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн. Түүнчлэн 205.3 мянган малчин өрх 61.09 сая толгой малаа өвөлжүүлэх, хаваржуулахаар 1.5 сая тонн хадлан, 49.7 мянган тонн сүрэл, 105.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэсэн байна.
Улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хүрээнд 657 худаг, уст цэгийг ашиглалтад оруулснаар 3,285 өрх, 810.0 мянган га бэлчээр, 1.9 сая толгой малыг найдвартай ундны усаар хангажээ. Мөн бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтдын хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг хавар, намрын технологийн хугацаанд хэрэгжүүлж, 208.0 мянган га талбайг хамгаалсан байна.
Мал сүргээ зудын болон гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 17.5 мянган малчин өрхийн 3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулсан байна.
Төв суурин газрын хүн амыг хаврын улиралд хангах нөөцийн махны бүрдүүлэлтийн хүрээнд орон нутагт 995.6 тонн, нийслэлд 10,802.9 тонн махны гэрээ байгуулж, үүнээс 3,091.0 тонныг агуулахад төвлөрүүлжээ.


















