Дуу-Дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу болон дүрс бичлэг хийх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Иргэн бүр өөрийн дүр төрх, дуу хоолой, хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй. Тиймээс тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэг хийж, түгээхийг хуулиар хориглодог.
“Зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх” зөрчлийг сүүлийн 2 жилийн байдлаар судлахад нийт 53 зөрчилд шийтгэл оногдуулсан байна. Үүнээс 2025 онд 26 зөрчил буюу 24 хүн, 2 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан бол 2026 оны эхний есөн сарын байдлаар 27 зөрчил буюу 21 хүн, 6 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн 78 хувь нь нийслэлд, 22 хувь нь орон нутагт гарсан байна.
Энэ төрлийн зөрчлөөс “Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн” зөрчил 2025 онд 5, 2026 оны 9 сарын байдлаар 10 үйлдэгдэж 1 дахин өсжээ.
“Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн” зөрчил 2025 онд 11, 2026 оны 9 сарын байдлаар 17 үйлдэгдэж 54 хувиар өссөн байна.
Мөн “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн” зөрчил 9, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн 1 зөрчилд тус тус шийтгэл оногдуулжээ.
Хуульд зааснаар “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэдгийг ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө гэж тодорхойлсон.
Иймд иргэн та хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг үл хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, хуулбарлах, тараах нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах үндэслэл болж болзошгүйг анхаарна уу.


















