Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
Мэдээллийн алба

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд үргэлжилж байна.
Туршилтын үеэр ган троссын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг шалгаж байна.
Мөн системийн хэвийн бус нөхцөл дэх ажиллагааг шалгах зорилгоор цахилгаан тасрах, хэт хурд авах, олон кабиныг зэрэг ажиллуулах, гэнэт зогсолт хийх зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэн, хамгаалалтын болон удирдлагын систем хэрхэн ажиллаж байгааг туршиж байгаа юм.
Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгана.
Үүний дараа 96 кабинд 750 кг-ийн жинтэй ус, эсвэл шуудайтай элс хийж механик шалгалтад оруулна. Төслийг улсын комисс хүлээн авахаас урьтаж, Францын “Bureau Veritas” групп ажиллаж, хөндлөнгийн инженерингийн аудит хийх юм. Ингэхдээ тухайн зураг төсөл нь батлагдсан зураг, норм стандарт мөрдсөн эсэх, материал болон гүйцэтгэлийн чанарыг хангасан эсэх, инженерийн системийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн эрсдэл зэргийг тооцоолж, хяналт тавих ажээ. Тус “Bureau Veritas” групп нь 1828 онд байгуулагдсан бөгөөд зураг төсөл, барилгын хяналт, эрсдэлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг байна. Олон Улсын 5000 гаруй барилгын төсөлд оролцож, 10 мянга гаруй барилгад хяналт хийжээ.
Төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Францын “Bureau Veritas” группийн үнэлгээ хийгдэж, улмаар Улсын комисс орсны дараа Дүүжин замын тээврийн хөдөлгөөнийг нээж, зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөж байна. Энэ дашрамд олон нийтээс хамгийн их тодруулдаг цахилгааны хангамжийн талаар мэдээлэл өгье. Системийн хөдөлгөгч үндсэн мотор нь 567кВт хүчин чадалтай ба аюулгүй ажиллагааны горимын дагуу 2 өөр цэгээс тэжээлтэй ажиллана. Тогны хязгаарлалтын үед нэг талын тэжээл тасрахад нөгөө талын тэжээлтэй учир хэвийн горимоор ажиллах юм. Онцгой тохиолдол буюу нийтээр тог тасарсан үед зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан 275 кВA чадалтай нөөц цахилгаан генератор төлөвлөсөн. Энэ нь дүүжин замын тээврийн бүрэн чадалд бус зөвхөн зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан нөөц үүсгүүр юм” гэв.
Энэхүү төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж төлөх юм.


















