Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Гадаад мэдээ

Египетэд хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алджээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетэд хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алджээ
Египетэд хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Египетийн нийслэл Каир хотын өмнөд хэсэгт зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алдан, 125 хүн гэмтжээ. Ослын улмаас хэд хэдэн вагон замаасаа гарч, далан руу унасан тухай тус улсын Төмөр замын газар мэдээлжээ.

Осол арваннэгдүгээр сарын 8-нд Каир хотоос 52 километрийн зайд орших Гиза мужийн Аль-Айят дүүрэгт гарсан байна. Гиза хотоос Файюм чиглэлд явж байсан галт тэрэг Каираас Асуан хотыг зорьж, төмөр зам дээр түр зогссон галт тэрэгний сүүлийн вагоныг мөргөсөн байна.

Үүний улмаас зарим вагон онхолдож, их хэмжээгээр эвдэрсэн бөгөөд зорчигчид нуранги, эвдэрсэн вагон дотор гацсан байна. Ойр орчмын иргэд ослын газарт яаралтай очиж, аврах албаныхантай хамтран гэмтсэн зорчигчдыг гаргахад тусалжээ.

Египетийн Эрүүл мэндийн яам ослын дараа 72 түргэн тусламжийн автомашин дайчилж, гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн аж.

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси ослын шалтгааныг яаралтай тогтоож, хариуцлага алдсан албан тушаалтнуудыг хуулийн дагуу шийтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. Тус улсын прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалт болон техникийн нөхцөлийг шалгаж байгаагаа мэдэгдэв.

Ослын улмаас Гиза хотыг Египетийн өмнөд бүстэй холбосон төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоож, эвдэрсэн вагонуудыг зайлуулах ажиллагаа явуулжээ.

Энэ бүсэд өмнө нь төмөр замын томоохон ослууд гарч байсан юм. Тухайлбал, 2002 онд Каираас Луксор хотыг зорьж явсан галт тэргэнд гал гарч, 370 гаруй хүн амиа алдсан нь Египетийн төмөр замын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн осол болж байна.

Хуваалцах