ГЕГ: Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
Мэдээллийн алба

Гаалийн байгууллага Цагдаа болон Тагнуулын ерөнхий газартай хамтарч сэтгэц нөлөөлөх эм болон мансууруулах бодистой тэмцэж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт холбогдох арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.
2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй 21 боодол карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1 кг 630 грамм метамфетамин буюу мөс гэсэн нэршилтэй бодисыг илрүүлж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ.
Уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулахгүй ажиллагаа явуулж , харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Иргэн, аж ахуй нэгж бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр карго ачаа тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, улсын хилээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэргийлнэ үү.


















