Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд нийслэлийн хэмжээнд 12 шүүгч ажиллана
Мэдээллийн алба

Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой маргааныг дагнан шийдвэрлэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Энэ дагнасан шүүхэд ажиллах Хүүхэд гэр бүлийн мэргэжилтнийг бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ. Шинээр байгуулагдаж байгаа Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд нийслэлийн хэмжээнд 12 шүүгч ажиллах юм байна.
Дагнасан шүүхэд ажиллах хүүхэд гэр бүлийн мэргэжилтнийг бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ
Дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтэн болон шүүхийн үйл ажиллагааны талаар ШЕЗ-ийн гишүүн Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрах зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой маргааныг дагнан шийдвэрлэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалт эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-УИХ-аас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 2026 оны долоодугаар сарын 3-нд баталсан. Мөн УИХ -аас 2026 онд 55 дугаар тогтоолыг баталж, эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх тухай зохицуулж өгсөн байгаа. Энэ хууль болон УИХ-ын тогтоол зааснаар Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой маргааныг дагнан шийдвэрлэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Энэ дагнасан шүүхэд ажиллах хүүхэд гэр бүлийн мэргэжилтнийг бэлтгэх сургалтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.
Өмнө нь зөвхөн өмгөөлөгч, улсын яллагч, прокурорын талуудын мэтгэлцээнд үндэслэж, шүүх шийдвэрээ гаргадаг байсан. Одоо хүүхэд гэр бүлийн мэргэжилтэнтэй болсноор тэдгээрийн тайлан дүгнэлтийг харгалзаж үзэх боломжтой болж байгаа.
Хүүхэд гэр бүлийн мэргэжилтнүүд суурь мэргэжил нь сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, багш гэх мэт мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулж байгаа. Эдгээр мэргэжилтнүүд гэр бүлийн маргаан дээр хүүхэд хэрхэн хохирохгүй үлдэх вэ гэдгийг судалж тайлангаа гаргана.
Харин эрүүгийн хэрэг дээр өсвөр насны хүүхэд ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэх болов. Ямар орчин нөхцөлд өссөн. Энэ хүүхдэд шүүхээс ямар хүмүүжлийн чиглэлийн арга хэмжээ авбал хүмүүжиж, нийгэмших гэх мэт тал бүрээс судалж, тайлан гаргаж шүүхэд өгнө. Шүүх шийдвэрээ гэр бүл хүүхдийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтний тайлан дүгнэлтэд үндэслэж, шийдвэрээ гаргах бүрэн боломжтой болно.
-Одоо бэлтгэгдэж байгаа мэргэжилтэн хэзээнээс ажиллаж эхлэх бэ?
-Хүүхэд гэр бүлийн мэргэжилтнүүд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд бүх шүүх дээр ажиллана. Шүүхийн захиргааны ажилтан гэж нэрлэгдэж байгаа. Улсын хэмжээнд анхан шатны 31 шүүх байгаа. Эдгээр шүүхүүдэд хоёроос дээш тооны хүүхэд гэр бүлийн мэргэжилтэн ажиллаж эхэлнэ.
Анхан шатны сургалт 21 хоногт явагдана. Ирэх 11 дүгээр сарын 1-нээс нийслэлд үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны дагнасан шүүх дээр эхний хоёр сар дадлагажуулна. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн үйл ажиллагаан дээр ажиллана.
-Дагнасан шинэ шүүх хаана байрлах бэ?
-Өнөөдрийн байдлаар ШЕЗ-өөс байр, тоног төхөөрөмжийг төлөвлөж бэлтгэж байгаа. Анхан шатны шүүх хуучин Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд үйл ажиллагаа явуулна. Харин давж заалдах шатны шүүх нь Баянзүрх дүүрэгт хуучин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд үйл ажиллагаа явуулна.
-Дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтнийг сонгон шалгаруулалтаар авсан уу?
Мэргэжилтний сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалт 100 орчим иргэд хүсэлтээ ирүүлсэн байгаа.
Эхний шатанд баримт бичгийн шаардлага болон хууль тавьсан шалгуур шаардлыг хангасан байдлаар шалгаруулалтыг явуулсан. Мөн хоёрдугаар шатанд оролцогч бүрээс ярилцлагыг аргаар 45 хүнийг сонгон шалгаруулсан.


















