“Монгол Улсын төрийн сүлд дуулал”-аа зөв дуулж түгээцгээе
Мэдээллийн алба

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 дахь жилийн ой тохиож байна.
Түүхт энэ өдрийг угтаж Баянзүрх дүүргийн хөгжмийн боловсролын мэргэжлийн багш нарын санаачилсан Төрийн дууллаа эгшиглүүлэх хүндэтгэлийн ёслолыг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн талбайд зохион байгууллаа.

2026 оны 11 дүгээр сарын 25-ны морин цагт тус дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 37 сургуулийн 1126 суралцагч Монгол улсын төрийнхөө далбаан дор Төрийн сүлд дуугаа нэгэн зэрэг дуулж эгшиглүүлэв.
Төрийн дуулал бол тусгаар тогтнолын бахархал, эх орноо хайрлах сэтгэлийн илэрхийлэл.

Энэхүү хүндэтгэлийн ёслол нь Монгол Улсын төрийн дууллаа зөв, жавхаатай, бахархал дүүрэн дуулж сурах, эх оронч үзэл, үндэсний ухамсар, тусгаар тогтнолын үнэ цэнийг хүүхэд, өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх, төрийн бэлгэ тэмдгээ хүндэтгэх үзлийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдолтой юм.


















