“НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагч офицерын дамжаа”-г амжилттай зохион байгууллаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлтгэл, чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагч офицерын дамжаа”-г 17 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус дамжаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, тэдэнд ажиллагааны орчинд шаардлагатай мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшүүлэх, НҮБ-ын мандат, холбогдох дүрэм, журам, эрх зүйн баримт бичгийн хүрээнд үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг.

Энэ удаагийн сургалтыг Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв (ЭДАСТ) бие даан хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулах үндэсний чадавх, туршлага, бие даасан байдлыг нэмэгдүүлж буй чухал алхам болж байна.

Ингэснээр сургалтын хүрээнд сургалтын үйл ажиллагааг НҮБ-ын холбогдох стандарт, шаардлагын дагуу амжилттай зохион байгуулж, хөндлөнгийн үнэлгээнд амжилттай хамрагдан, НҮБ-аас олгосон магадлан итгэмжлэлийн батламж, гэрчилгээний хугацааг сунгуулах зорилтыг тавин ажиллаж байна.


















