С.Даваасүрэн: Түлшний 14 хоногийн хэрэглээг нэг дор өгөхөөр судалж байна
Мэдээллийн алба

"Тавантолгой Түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнөөдөр агуулах болон борлуулалтын хамгийн өндөрлөг, алсын цэгүүдэд ажиллаж байна.
"Тавантолгой Түлш" ХХК-ийн борлуулалтын 448 цэгээс хамгийн өндөрлөг нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрладаг.
Цас орж, халтиргаа гулгаа үүссэн үед тус цэгт тээврийн машин очиход хүндрэл үүсдэг учраас нөөц үүсгэн, одоогоор 29 тонн түлшний үлдэгдэлтэй байна.
Мөн Баянгол дүүргийн 10, 23 дугаар хорооны борлуулалтын цэгүүдэд очиж, түлшний чанар, хүртээмжийн талаар борлуулагч нартай ярилцав.
Иргэдийн зүгээс түлшний хэмжээ, чанарын хувьд гомдол саналгүй ч 7 бус 14 хоногийн хэрэглээгээ нэг дор авах хүсэлт тавьдгийг борлуулагч нар хэлж байна.
Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн дотоодын тээвэр болон түлшний хангамжийн тооцоолол хийж, 12 дугаар сараас 14 хоногийн хэрэглээг бөөнд нь өгөхөөр судалж буйгаа хэлэв.
Үргэлжлүүлэн баруун талын хамгийн захын буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах цэгт ажиллаж байна.





















