ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.06/ хуралдаан 11:29 цагт 65.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалан явуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, П.Наранбаяр нарын УИХ-ын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл, Х.Ганхуяг нарын УИХ-ын 10 гишүүнээс 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл, Б.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын 4 гишүүнээс 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Б.Уянга нарын УИХ-ын 3 гишүүнээс 2026 оны 09 сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, С.Цэнгүүн нарын УИХ-ын 31 гишүүнээс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Манай улс ирэх онд төрийн өмчийн объектуудаа түрээслүүлээд 1,7 тэрбум төгрөгийн орлого олно гээд төлөвлөж. 2020 онд түрээсийн төлбөрөөс 2,4 тэрбумын орлого олдог байсан бол одоо 1,7 болж буурч. Тийм атлаа төрийн байгууллагууд, төслийн нэгжүүд 2027 онд 119.8 тэрбум төгрөгөөр бусдаас объект түрээслэх юм байна. Бид өөрийн хөрөнгөө өөрөө ашиглаж болдоггүй юм уу. Төр өөрөө хөрөнгөө метр квадратыг нь 50 мянгаар түрээслүүлдэг, өөрөө түрээслэхээрээ 170 мянган төгрөг хүртэл төлдөг. Хэмнэлтийн бодлого хаана байна вэ хэмээн асуусан.


Сангийн сайд З.Мэндсайхан, Сангийн яам төслийн 47 нэгжийг 2026 оны 1 сараас эхлэн нэгтгэн 17 болгоод оффис түрээсийн зардлыг бууруулаад явж байгаа хэмээсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Байрны түрээстэй холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн байна. Засгийн газар энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, төрийн өмчийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын түрээсийн асуудлыг нь шалгаад Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долдугаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн судалгааны хүрээнд өнгөрсөн долдугаар сард 22 улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, өндөр үнэтэй байр түрээслэхийг зогсоосон. Хамгийн өндөр түрээстэй нь ИНЕГ, шүүхүүд байна. Мөн гадаад улсад суугаа манай ЭСЯ, консулын газрууд байна. Засгийн газар өнгөрсөн сарын хуралдаанаараа өндөр түрээс төлж байгаа гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, ирэх онд төсөвт байгууллагын албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хэрхэн нэмэгдэхийг тодруулсан. Мөн сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавласан юм.

Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгасан. 2026 оны төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдүүлэхээр тусгасан. Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2027 оны 01 дүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр тусгасан гэлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар, Засгийн газраас 2027 оны төсөвт сонгуулийн санал тоолох автоматжуулсан төхөөрөмж болох хар машин худалдан авах төсвийг тусгасан. Нийт дүнгээрээ 29,2 тэрбум төгрөг туссан байгаа. Нийтдээ 3 мянган санал тоолох машиныг ирэх оны эхний улиралд багтаан хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний 1000 машиныг хүлээн аваад техникийн баталгаажуулалтыг хийгээд дуусаж байна гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ц.Туваан С.Зулпхар нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоохэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


















