Зудын урьдчилсан төлөв гарлаа
Мэдээллийн алба

11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 8%-д нэн их, 18%-д их, 33%-д дунд, 24%-д бага зэрэг хүндрэлтэй харин 16%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.


















