“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьд хүрчээ
Мэдээллийн алба

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллан, өвөлжилтийн бэлтгэл болон хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцлээ.
Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор “Увс цахилгаан түгээх сүлжээ”, “Ховд цахилгаан түгээх сүлжээ”, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК, “Ховд нар” НЦС-ыг нэгтгэн “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” (ББЦТС) ТӨХК-ийг шинээр үүсгэн байгуулсан юм.


ББЦТС ТӨХК нь Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 38 сумын төв, суурин газрын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангаж байгаа бөгөөд дотоодын эх үүсвэрүүдээс гадна ОХУ, БНХАУ-аас эрчим хүч импортлон түгээж буй. 387 ажилтантай тус компанийнхан 5629 км цахилгаан түгээх шугам, 1183 дэд станцыг хариуцан ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил хийхээр төлөвлөснөөс өдгөө 80.8 хувийг нь гүйцэтгээд байгааг гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран хэлэв. Тус компанийнхан өвөлжилтийн горимоо төлөвлөн, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах зэрэгт анхаарч байгаа аж. Тухайлбал, лхагва гараг бүрийн их ачааллын цагуудад 35 кВ-ын бүх дэд станцад хяналт хэмжилт, трансформатор, шугамын ачааллын хувь, баланс тооцоо хийн, дэд станцуудын алдагдалд хяналт тавьж байгааг дурдав. Уулзалтын үеэр эрчим хүчний үнэ тариф, шөнийн хөнгөлөлт, ухаалаг тоолуур зэрэгтэй холбоотой асуудлаар мөн ярилцлаа.
ББЦТС ТӨХК-д хэд хэдэн асуудал тулгамдаж байгааг хэлэв. Тодруулбал, төв оффисын байртай болох, хамран ажиллах хүрээ том ч машин механизмын хүртээмж муу байгаа тул шуурхай ажиллагаанд зориулан туулах чадвар сайтай автомашин, кран худалдан авах, зургаан кВ-ын шугам сүлжээг 10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх, дэд станц барих, өргөтгөхөд анхаарах шаардлага үүссэнийг онцоллоо.
Түүнчлэн Дөргөний УЦС-ын усан санд 2010 оноос хойш Хар ус нуураас зэгс тасран ирж хуримтлагдаад байгаа аж. Энэ нь нуурын зэгсэнд амьдардаг заарт харх (ондатр) үндсийг нь тасалснаас болж Чоно харайх голоор дамжин усан санд орж ирдэгтэй холбоотой бөгөөд хэдий жил бүр 150-200 тонн зэгсийг механик аргаар цэвэрлэж байгаа ч хэмжээ нь нэмэгдсээр буй юм байна. Үүнээс гадна Мянгад дэд станцаас Ховд аймгийн төвийг 110 кВ-ын ЦДАШ-аар холбох 110/35/10 кВ-ын дэд станцын санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг дуулгав.
Энэхүү уулзалтын дараа Эрчим хүчний сайд Б.Найдалаа ББЦТС, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбар, “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, шинэчлэлийн 139 бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.




















