Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

“Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
“Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч Танака Акихико нар гарын үсэг зурлаа.

Гэрээг Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2026 оны есдүгээр сарын 29-нд байгуулжээ.

Төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл”-ийн хүрээнд 158.3 тэрбум иенийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй бөгөөд эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.

Өргөтгөлийн хүрээнд зорчигч болон ачаа тээврийн терминал, дулааны станц, авто зогсоол, холбогдох дэд бүтэц, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчилнэ. Ингэснээр нисэх буудлын жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, ойролцоогоор 3.2 дахин нэмэгдэх юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр байгуулж, 2021 онд ашиглалтад оруулсан. Сүүлийн жилүүдэд зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид өсөх хандлагатай байгаа нь өргөтгөх шаардлагыг бий болгожээ.

Төсөл нь зорчигч, ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилготой.

Хуваалцах