Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургуульд “Эрүүл сургууль, эрүүл шүд” төсөл хэрэгжиж эхэлжээ
Мэдээллийн алба

Япон улсын Жайка ОУБ, “Эрүүл хотын үйл ажиллагааг дэмжих” ТББ-аас Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчдын дунд “Эрүүл сургууль, эрүүл шүд” төслийг хэрэгжүүлж байна.
2026-2029 онд гурван жилийн турш хэрэгжих тус төсөлд Дархан-Уул аймгаас 4 дүгээр сургууль сонгогдсон. Өчигдөр /2026.09.23/ Японы эмч Мүрашигэ Фүжино болон аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч нар хамтран хүүхдүүдэд шүдний үзлэг хийлээ.

өрөвдүгээр сургууль 42 бүлгийн 1200 гаруй сурагчтай. Үүнээс 350 гаруй нь 1-3 дугаар ангийнхан байна. Төсөлд хамрагдах бага ангийн сурагчдыг үзлэгт хамруулахад 90 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ.
Бага ангийн сурагчид шүдээ дутуу угаадаг, дадал бүрэн хэвшээгүй, шүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэдэг зэргээс үүдэн өвчлөлд өртөмтгий байна.
Тэгвэл төслийн хүрээнд тус сургуулийн бага ангийн сурагчдын шүдийг хичээлийн завсарлагаанаар 7 хоногт нэг удаа зориулалтын фоторт уусмалаар, зөв техникээр амыг нь зайлуулж хэвшүүлэх юм байна. Япон эмч өнөөдөр аргачлалыг багш нарт зааж, 2 жилийн хэрэгцээний фотортой ам зайлагчийг сургуульд өглөө.
Фоторт уусмалаар амаа зайлж хэвшсэнээр бага ангийн сурагчдын сүүн шүд унахад нөхөөд эрүүл бат бөх ясан шүд ургах чухал арчилгаа, хамгаалалт болж өгөх аж.
Жич: Японд бага ангийн сурагчдын дунд шүдний өвчлөл нэг ангид 1-2 тохиолддог бол манай улсад нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь шүдний ямар нэг хэлбэрийн өвчлөлтэй байна гэсэн судалгаа байна.


















