Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
Мэдээллийн алба

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн сайд нарын Бага хурал өчигдөр /2026.09.28/ Улаанбаатар хотноо эхэлсэн бөгөөд өнөөдөр Сайд нарын бага хурлын нээлтээр үргэлжилж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа.
Уулзалтаар, хоёр орны хил холболтын төслүүдийг урагшлуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, боомт, дэд бүтцийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшнийг ахиулах, эрчийг хадгалж, бодит үр дүнгээр улам бататган хөгжүүлэх нь чухал" болохыг тодотгов.
Мөн тэрбээр, "Хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит үр дүнд хүргэхэд хилийн боомтын хүчин чадал, хил холболтын дэд бүтцийг сайжруулах, боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой. Гэвч сүүлийн жилүүдэд хоёр улсын хилийн боомтуудаар нэвтрэх ачаа тээврийн хэмжээ буурсаар байна. Иймд боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай" гэдгийг онцлон тэмдэглэлээ.























