Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Мэдээллийн алба

2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод цас орж эхлэх төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд бэлтгэлээ хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6669.6 тонн бодис, 10038.6 тонн давсны нөөц бүрдүүлсэн. Мөн зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1280 ажилтан, давс, бодис цацах 96 автомашин, цас түрэх, хусах 40 механизм, явган замын 174 бичил төхөөрөмжийг бэлэн байдалд шилжүүлээд байна.

Цас орж эхэлмэгц гүүрэн байгууламж, туннел, өгсүүр, уруу зам, гол уулзвар, автобусны буудал зэрэг халтиргаа, гулгаа үүсэх эрсдэл өндөртэй байршлуудад давс, бодисыг нэн тэргүүнд цацаж, зам талбайн цэвэрлэгээг шуурхай зохион байгуулна.
Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх, явган зорчигчдыг зөвхөн явган хүний гарцаар зам хөндлөн гарахыг анхааруулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цас орсон даруйд цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.























