Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүн, цаашдын арга хэмжээг хэлэлцлээ
Мэдээллийн алба

“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар шатны төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны есдүгээр хуралдаан болж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, төслийн үр дүнг хэлэлцлээ.
Хуралдааныг нээж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулахад барилгын аюулгүй байдал, байгууллагын бэлэн байдал, иргэдийн мэдлэг, дадлыг харилцан уялдаатай бэхжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн төслийн хүрээнд бий болсон мэдлэг, арга зүй, хамтын ажиллагааны үр дүнг тогтвортой үргэлжлүүлэхийн чухлыг тэмдэглэж, Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудад талархал илэрхийллээ.
ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ олон жилийн турш хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл бодлогын түвшинд үр өгөөжөө өгсөнд баяртай байгаагаа онцолсон юм.
Хуралдаанаар газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг хангах барилгын хүчитгэлийн үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө буюу замын зураглал, барилгын хүчитгэлийн журмыг батлуулах асуудал болон ЦУОШГ болон ГССҮТ-ийн барилгын хүчитгэлийн ажлыг энэ онд дуусгах, сургууль, цэцэрлэгийн барилгын хүчитгэл, сургуулийн барилгын өргөтгөлийн асуудлаар санал солилцлоо.
Мөн барилгын хүчитгэлийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд барилгын хүчитгэлийн арга хэмжээг тусгах, төслийн үнэлгээний аргачлалын өөрчлөлт болон төслийн семинарын талаар хэлэлцлээ.



















