Нийслэлийн хэмжээнд “Эрсдэлийг бууруулъя – Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Мэдээллийн алба

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах 2026-2027 оны арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрсдэлийг бууруулъя – Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ.
Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, болзошгүй гал түймэр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, шингэрүүлсэн шатдаг хийн халаагуурын ашиглалт, аюулгүй галлагааг хэвшүүлж, мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаа зохион байгуулаллтай, үр дүнтэй хамтран ажиллахыг онцолсон.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга нартай хамтран гэр хорооллын гудамж, зам, гарцын судалгааг нарийвчлан гаргаж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй байршлуудыг тогтоон, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт, ашиглалтын аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулна.
Мөн гэр, байшин болон объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, зориулалтын тагтай савгүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу болон өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхүүдэд албан шаардлага, зөвлөмж хүргүүлэх юм.
Нийслэлийн хэмжээнд хүйтний улиралд гал түймрийн дуудлагын дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн цахилгааны ашиглалт, галлагааны аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймэр эзэлдэг. Иймд эрсдэлийг бууруулах, иргэдийн урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг эрчимжүүлж, аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг хүргэнэ.
Нэгдсэн арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 20-ны дуустал үргэлжилнэ.





















