Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг даргалж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээ, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр-логистик, эрчим хүч, аялал жуулчлал, чухал ашигт малтмал, дижитал хөгжил, санхүү болон хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцож, Аж үйлдвэр, Эрдэс баялаг, Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, аж үйлдвэрийн салбарын уялдаа холбоог нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн төлөөлөгчидтэй санал солилцлоо.
Мөн энэ үеэр “Бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан юм.
КАРЕК-ийн хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүс нутгийн 300 төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Монгол Улс 2003 онд КАРЕК-т нэгдсэнээс хойш тээвэр, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн чиглэлийн 19 төсөлд 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.
Монгол Улс КАРЕК-ийн хамтын ажиллагааг ашиглан тээвэр-логистикийн коридор, аж үйлдвэр, чухал ашигт малтмал, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдийг бүс нутгийн хөрөнгө оруулалтын урсгалтай холбож, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой юм.


















