УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээндparliament.mnсайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв.

Өмнө ньparliament.mnсайт зөвхөн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл түгээх цахим платформ байсан бол ийнхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд төлөөлөл болон сонгогдсон гишүүнтэй холбоотой ирцийн мэдээлллээс эхлээд хуулийн төсөл өргөн барихаас батлагдах хүртэлх бүх шатанд ямар оролцоотой байсан, байр суурь нь хэвээрээ байсан эсэх, өөрчлөгдсөн бол аль шатанд өөрчлөгдсөн, ирцээ бүртгүүлээд санал хураалтад оролцсон эсэх зэрэг иргэн таны мэдэх ёстой бүх мэдээллийг нэг дор нэгтгэн харуулж байгаагаараа онцлог давуу талыг бүрдүүлж байна.

Мөн “УИХ таныг сонсож байна” үйлчилгээ өргөжиж, иргэд УИХ, гишүүдэд цахимаар санал хүсэлт, асуултаа шууд хүргэх нөхцөл бүрдсэн байна. Энэ цэсээр дамжуулан иргэд хуулийн хэрэгжилт, үр өгөөж, асуудал, шийдлийн талаар санал , хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд зөвхөн И-Монголиа системээр дамжуулан 700 гаруй иргэн санал, хүсэлт ирүүлжээ.
Түүнчлэн хуралдааны тов, ирц, санал хураалтын дэлгэрэнгүй мэдээлэл, хуулийн хувийн хэрэг, хуралдааны тэмдэглэл, асуулт асуулга, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, парламентын сонсгол, Байнгын хороодын үйл ажиллагаа зэрэг мэдээллийг нээлттэй болгож, хөгжүүлэгчид болон судлаачдад зориулсан нээлттэй API орчныг анх удаа нэвтрүүллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт “Ард түмнээсээ сонгогддог парламентад ард түмнээсээ нуух зүйл байх ёсгүй. Иргэд парламентын үйл ажиллагааг цаг тухайд нь хянаж, өөрсдийг нь төлөөлж буй гишүүдийн ажлыг бодитоор үнэлэх бүх боломжийг бүрдүүллээ” хэмээн онцоллоо.
Түүнчлэн УИХ-ын албан ёсны цахим платформparliament.mnсайт нь ийнхүү төр иргэнийг холбох гүүр, эргэх холбоотой амьд харилцааг технологийн шийдлээр бий болгоод байгааг УИХ-ын дарга тодотгов.
Цаашлаад мэдээллийг улам илүү нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгон сайжруулах, хөгжүүлэх сонголтыг олон нийтэд нээлттэй олгож байгааг дурдлаа


















