Япон ирэх сараас цагаачлал болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжаа нэмэхээр төлөвлөж байна
Мэдээллийн алба

Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын газар 2026 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээний хураамжид томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Шинэ зохицуулалтад дараах үндсэн үйлчилгээ хамрагдана. Үүнд:
-Оршин суух хэлбэр өөрчлөх зөвшөөрөл авах;
-Оршин суух хугацаа сунгуулах;
-Байнгын оршин суух зөвшөөрөл авах.
Шинэ тогтолцооны дагуу оршин суух хэлбэр өөрчлөх болон оршин суух хугацааг сунгуулах үйлчилгээний хураамж нь цагаачлалын байгууллагаас өргөдөл гаргагчид бодитоор олгосон оршин суух хугацаанаас хамааран ялгаатай байхаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар оршин суух хэлбэр өөрчлөх, оршин суух хугацаа сунгуулах хүсэлтийг Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын газарт биечлэн гаргавал 6,000 иен, цахимаар гаргавал 5,500 иений хураамж төлдөг байна. Харин 2026 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн эдгээр хураамжийг олгогдсон оршин суух хугацаанаас хамааруулан нэмэгдүүлнэ.
Хамгийн их анхаарал татаж буй өөрчлөлт нь байнгын оршин суух зөвшөөрлийн хураамж юм. Одоогийн 10,000 иений хураамжийг 200,000 иен болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь одоогийн түвшнээс 20 дахин илүү юм.
Оршин суух хэлбэр өөрчлөх, хугацаа сунгуулахтай холбоотой хураамжийг өргөдөл гаргагчийн хүссэн хугацаагаар бус, харин эрх бүхий байгууллагаас бодитоор зөвшөөрсөн оршин суух хугацаанд үндэслэн тооцох юм. Тухайлбал, өргөдөл гаргагч 5 жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл хүссэн боловч цагаачлалын байгууллагаас 1 жилийн хугацаагаатай зөвшөөрөл олговол 1 жилийн хугацаанд ногдох хураамжийг төлнө.
Иймд гадаадын иргэд болон гадаад ажилтан ажиллуулдаг байгууллагууд цагаачлалтай холбоотой төлөвлөгөө, төсөв боловсруулахдаа зөвшөөрөгдөж болох оршин суух хугацаа болон түүнд ногдох хураамжийг урьдчилан тооцох шаардлагатай болж байна. Аравдугаар сарын 1-ээс өмнө гаргасан хүсэлтэд өмнөх хураамжийн зохицуулалт үйлчлэхээр байна.
Шинэ тогтолцоонд эдийн засгийн хүндрэлтэй болон тусгай нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой ангиллын өргөдөл гаргагчийн хураамжийг бууруулах, эсхүл чөлөөлөх зохицуулалт мөн тусгагджээ. Тухайлбал, тогтоосон шаардлагыг хангасан зарим иргэн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд дипломат, албан оршин суух хэлбэрийн тодорхой тохиолдолд хураамжаас чөлөөлөгдөж болох юм.
Энэхүү өөрчлөлт нь Япон улсад оршин суухтай холбоотой захиргааны үйлчилгээний зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр байна. Ялангуяа гадаад ажилтан ажиллуулдаг байгууллагууд дараах зардлаа дахин тооцоолох шаардлагатай болно. Үүнд:
-Ажилтнуудын оршин суух хугацааг сунгуулах;
-Оршин суух хэлбэрийг өөрчлөх;
-Гэр бүлийн гишүүдийн оршин суух зөвшөөрөл;
-Олон ажилтны оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг нэгэн зэрэг гаргах зэрэг асуудал багтаж байна.
Гадаадын иргэдийн хувьд өргөдөл гаргах хугацаагаа зөв төлөвлөхөөс гадна цагаачлалын байгууллагаас бодитоор олгож болох оршин суух хугацааг харгалзан үзэх нь чухал болж байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвхөн захиргааны хураамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ төдийгүй Япон улс оршин суух болон байнгын оршин суух зөвшөөрлийн тогтолцооны захиргааны зардал, үйлчилгээний үнэлгээг шинэчлэн тогтоох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын өөрчлөлт гэж үзэж болно.


















