Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Японы дэвшилтэт технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МУ
Монгол Улсын Засгийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы дэвшилтэт технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Японы дэвшилтэт технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Нагояа хотын захирагч Хиросава Ичирог (2026.09.28) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэв. Тус наадамд Монгол Улсаас 300 орчим тамирчин оролцож, дугуйн спортын төрөлд ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртээд байна. Мөн жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр хамтарсан бэлтгэл, туршлага солилцоог Нагояа хотын спортын байгууллагууд, клуб, их сургуулиудтай зохион байгуулах сонирхлоо илэрхийлэв.

Монгол, Японы хүн төвтэй харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд гүнзгийрч буйг Ерөнхий сайд тэмдэглээд Нагояа хотод оршин суугаа 300 гаруй монгол иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад үргэлжлүүлэн анхаарахыг хүсэж, Монголын ардчилал, тогтвортой хөгжилд Япон Улс, ард түмний үзүүлсэн дэмжлэгт талархаж буйгаа онцолсон юм.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд Ерөнхий сайд эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн бус үйлдвэрлэл, экспорт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтоо танилцууллаа. Энэ хүрээнд Нагояа хотын туршлагаас суралцах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, хот байгуулалт, нийтийн тээвэр, ухаалаг хотын шийдлээр хамтран ажиллах боломжийг онцлов.

Уулзалтын төгсгөлд талууд ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж хэмээн үзэж буйгаа тэмдэглэлээ.

Хуваалцах