Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн эх байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийн өргөлт, суурилуулалтын ажил хийгджээ
Мэдээллийн алба

Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн Эх байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийн (Crude Distillation Column) өргөлт, суурилуулалтын ажил хийгджээ.

Хүнд аж үйлдвэрийн, тэр дундаа нефть-химийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь хэдэн зуу, мянган хүний мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан төлөвлөлт, инженерчлэлийн нөр их ажлын үр дүнд ийнхүү үйлдвэрлэгдэх, тээвэрлэгдэх шатанд хүрдэг билээ.

Үйлдвэрийн хамгийн өндөр энэхүү цамхагийг өргөх, суурилуулах ажил нь гадаад, дотоодын олон мянган инженер, мэргэжилтнүүдийн урт хугацааны турш хийсэн зураг төсөл, нарийвчилсан инженерчлэл, үйлдвэрлэл, тээвэрлэлт, барилга угсралтын ажлын үр дүн бөгөөд механик, динамик, геотехник, бүтээцийн зэрэг инженерчлэлийн нарийн ур чадвар шаардсан ажил юм.
• Цамхагийн өндөр - 56.6 метр
• Диаметр - 3.2 метр
• Үйлдвэрлэгдсэн жин - 159 тонн
• Угсралтын үеийн нийт жин - 176 тонн

Уг цамхагийг өргөж, угсран суурилуулах ажлыг гүйцэтгэх зорилгоор 1,250 тонн даацтай ZOOMLION ZCC17000 загварын хүнд даацын гинжит краныг мөн бүрэн угсарч, өргөх ажиллагааг гүйцэтгэхэд бэлэн болгоод байна.

Энэхүү цамхагт 380°C хүртэл халаасан түүхий тосыг атмосферийн даралтат орчинд буцлах температурын зөрүүгээр төрөл бүрийн нүүрсустөрөгчийн фракцууд болгон ялгаж, дараагийн шатны байгууламжууд руу оруулж боловсруулах юм.



















