Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

ЭХЭМҮТ-ийн тандем масс спектрометрийн шинжилгээ “шилдэг дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж”-өөр шалгарчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЭХЭМҮТ-ийн тандем масс спектрометрийн шинжилгээ “шилдэг дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж”-өөр шалгарчээ
ЭХЭМҮТ-ийн тандем масс спектрометрийн шинжилгээ “шилдэг дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж”-өөр шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэвтрүүлэн ашиглаж буй Тандем масс спектрометрийн шинжилгээ “Эрүүл мэндийн үзэсгэлэн-2026”-ын “Шилдэг дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж” номинацид шалгарлаа.

Тус үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 25–27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ технологи, оношилгоо, эмчилгээний арга, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.

ЭХЭМҮТ-өөс үзэсгэлэнд оношилгоо, эмчилгээний таван дэвшилтэт технологийг танилцуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Тандем масс спектрометрийн шинжилгээ байв.

Уг шинжилгээ нь нярай болон хүүхдийн удамшлын шалтгаант бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх, оношлох зориулалттай лабораторийн орчин үеийн технологи юм. Эдгээр эмгэгийг эрт илрүүлснээр оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх, цаашдын хяналтыг төлөвлөх боломж бүрддэг.

Тандем масс спектрометрийн технологийг хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн нь бодисын солилцооны эмгэгийн оношилгооны боломжийг нэмэгдүүлж, нярай болон хүүхдэд эрт илрүүлэг хийх нөхцөлийг бүрдүүлж байна.

Дэвшилтэт технологиудыг танилцууллаа.

ЭХЭМҮТ үзэсгэлэнгийн үеэр хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглаж буй дараах технологиудыг танилцуулсан байна. Үүнд:

Хүүхдийн тархины саажилтын үед мэдрэлийн арын ёзоосыг сонгомлоор тайрах мэс засал;

  • Хүүхдийн нээлттэй зүрхний мэс засал;

  • Хэт авиан оношилгооны сургалтын шинэ технологи болох OPUS систем;

  • Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хамшинжийн үеийн лазер эмчилгээ;

  • Тандем масс спектрометрийн шинжилгээ.

Технологийн танилцуулгаас гадна үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гурван өдрийн хугацаанд ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 300 гаруй иргэнд мэргэжлийн зөвлөгөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Хүүхдийн эмч болон хүүхдийн нүдний эмчийн үзлэг, зөвлөгөөнд 100 гаруй хүүхэд хамрагджээ.

Мөн эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр 90 гаруй эх, эмэгтэйд жирэмсний хяналт, жирэмсний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн зөв сонголт болон эх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгсөн байна.

Түүнчлэн TANITA аппаратаар 125 гаруй иргэний биеийн бүтэц, эрүүл мэндийн үзүүлэлтийг үнэлж, үр дүнд үндэслэн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

Ийнхүү “Эрүүл мэндийн үзэсгэлэн-2026”-ын үеэр ЭХЭМҮТ нь хүүхэд, эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй оношилгоо, эмчилгээний шинэ технологийг танилцуулж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөг хүргэн ажиллав.

Хуваалцах