Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Мэдээллийн алба

2026 оны аравдугаар сарын 12-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Аравдугаар сарын 15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас:Аравдугаар сарын 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:Аравдугаар сарын 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:Аравдугаар сарын 13, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Аравдугаар сарын 16-нд нутгийн баруун хагаст, 17-ноос ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 13-18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Аравдугаар сарын 17-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур:Аравдугаар сарын 13-16-нд өдөртөө дулаахан, шөнөдөө 0-5 хэм, Яармаг-Сонгиноны орчмоор 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 17-ноос хүйтэрч шөнөдөө 2-7 хэм, Яармаг-Сонгиноны орчмоор 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.


















