Орон нутагт төрөлжсөн мэргэшлийн тусламж хүргэж, 1127 үзлэг, оношилгоо хийжээ
Мэдээллийн алба

Орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Энх-Мэнд” хөтөлбөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд хэрэгжлээ.
Хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн баг 1,127 үзлэг, оношилгоо хийж, орон нутгийн 65 эмч, мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа.
МАК компанитай хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд:
Чих, хамар, хоолойн 351 үзлэг
Зүрхний 211 үзлэг
Бөөр, дотоод шүүрлийн 206 үзлэг
Эх барих, эмэгтэйчүүдийн 178 үзлэг
Эмэгтэйчүүдийн 181 эхо оношилгоо хийжээ.
Үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт өрх, сум, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 65 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.
Мөн хүүхдийн чих, хамар, хоолой, эх барих, эмэгтэйчүүд, бөөр, ерөнхий болон нярайн мэс заслын чиглэлээр 40 орчим мэс засал хийхээр төлөвлөжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь хөдөө, орон нутгийн иргэдийг төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээнд хамруулах боломжийг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.


















