"Cumo Arena"-ийн нээлтэд М.Лхагвагэрэл гарди түрүүллээ
Мэдээллийн алба

Орхон аймагт зохион байгуулагдсан CuMo аренагийн нээлтэд зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын гарди Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Мах Импекс ХК, Батхаан Ойл ХХК, Ховд" дэвжээний бөх, улсын арслан Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Нэгдэл клуб, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Өрнөх цамхаг ХХК, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн заан О.Бачржаргал нар үлдэв.

МҮБХ-ноос CuMo арена цогцолборын хамт олонд болон тус ордонг барих санаачилгыг гарган хэрэгжүүлж ажиллаж байсан Орхон аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 24 жил ажилласан аймгийн арслан Ж.Лхагвасүрэн, Орхон аймаг, Эрдэнэт хотдоо ажиллаж амьдарч үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлж байгаа бөхчүүд болох 1995 оны Улсын баяр наадамд 6 давж дунд шөвөгт шалгарсан Монгол улсын харцага Н.Саранцогт, МУ-ын Засгийн газрын 65-р тогтоолоор зохион байгуулагдсан Өндөр Гэгээний мэлмий гийсний 360 жилийн их баяр наадамд 5 давж шөвгөрсөн аймгийн арслан Ч.Баттуяа,Монгол улсын гавьяат дасгалжуулагч, улсын Ахлах тайлбарлагч Ч.Раднаабазар нарт хүндэтгэл үзүүлсэн юм.
Жил бүрийн 10-р сард CuMo арена цомын барилдааныг зохион байгуулж МҮБХ-ны хуваарьт барилдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо


















