Шууд Chart

С.Дашзэвэг: Монгол Улс энхийг сахиулагчдынхаа тоогоор дэлхийд 24 дүгээрт жагсаж байна

2021-05-12 14:25:27

Монгол Улс даян дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 19 жил өнгөрсөн бөгөөд ирэх онд 20 жилийн ой тохионо.

-Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 19 жил өнгөрсөн байна. Ирэх онд 20 жилийн ой тохионо. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцох шанг хэрхэн тавьж байв гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-1990-ээд оны дунд үеэс тухайн үеийн төр засаг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагуудын дунд Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тухай яриа хөндөгдсөн байдаг. Энэ зоригтой алхмыг ажил хэрэг болгох шанг татсан тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нарын оновчтой бодлого, хүчин чармайлтыг бид үнэлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд 1999 оны 9 дүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурснаар Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны шавыг тавьсан гэж үзэж болно. Ингээд 2000 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны "Центразбат-2000" сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш монгол цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьсан тохиолдол байсан юм. Ингээд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээх бэлтгэлийг эрчимтэй хангаж, ялангуяа хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, НҮБ-тай хамтран ажиллах талаар БХЯ, ЗХЖШ-ын зүгээс богино хугацаанд ихээхэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал, 2002 онд “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг УИХ-аар батлуулж, тайван цагт Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх чухал үүрэг болох энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрх зүйн үндсийг тавьж, мөн ондоо анхны 2 энхийг сахиулагчийг Ардчилсан Конго улс руу илгээснээр Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны түүхэн замнал эхэлсэн түүхтэй. Энхийг сахиулагчийн загалмайлсан эцэг хэмээх Г.Рагчаа генералыг онцлох ёстой байх. -Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох эхлэлийг тавьж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол яахын аргагүй хошууч генерал Г.Рагчаа агсан юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Рагчаа нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн дипломат алба, цэргийн эрдэм судлал, энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмэр мартагдашгүй гэгээн мөрийг туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, хийж бүтээсэн үйл хэргээс нь харж болно. Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байгаа билээ. Дайны гал ид дүрэлзэж байсан Ирак Улсад цэргийн багийг анх удаа илгээн бусдаас суралцаж байсан бол одоо ажиллагаанаас ажиллагаанд улам туршлагажиж, бусдад заах хэмжээнд хүрч, мотобуудлагын батальон хүртэл хүч хэрэгсэлтэйгээр бие даан үүрэг гүйцэтгэж байгааг хошууч генерал Г.Рагчаа агсны санаачилж хэрэгжүүлсэн үйл хэрэгтэй холбож ойлгохоос аргагүй. Г.Рагчаа агснаас гадна тухайн үед ЗХЖШ-ын удирдлагад ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал А.Ганбат, Я.Чойжамц нарын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцоо, чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон бодлого, хүч, хөдөлмөр, хүчин чармайлтыг ч дурдах ёстой.

-Манай Зэвсэгт хүчин үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэж болох уу. Өдгөөгөөс 2-3 жилийн өмнө НҮБ-ын хурал дээр НҮБ-ын өмнө хүлээсэн Монгол Улсын үүргийг Зэвсэгт хүчин гүйцэтгэж байгаа талаар онцолсон байдаг?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл болох улс төрийн гадаад харилцааны бодлогын нэг хэсэг нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо юм. Иймд Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, дэлхий дахинд болон бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зэрэг маш чухал төрийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл техникийг сайжруулахад чухал ач холбогдолтойгоос гадна алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд том хувь нэмэр болж байна.

-Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин ямар ажиллагаанд хэдэн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм. Энхийг сахиулагчдын тоог хүн амдаа харьцуулахад дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж буй. Яг одоо гэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн нийт 7 ажиллагаанд 1100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд манай улсаас мотобуудлагын батальон, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нарыг, мөн Афганистан Улсад явагдаж буй олон үндэстний цэргийн ажиллагаанд АНУ-ын болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран мотобуудлагын 2 ротыг дэлгэн үүрэг гүйцэтгүүлж байна.

-Монголын дайчдын байгуулсан гавьяа маш их. 2004 оны Иракийн ажиллагаанаас эхлээд өнгөрсөн сард хүртэл монгол цэргүүд гавьяа байгуулсан?

-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа болон үүрэг гүйцэтгэсэн монгол дайчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байгуулсан гавьяа бүрийг энд дурдана гэвэл нэлээдгүй их цаг хугацаа шаардах байх. ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргын хувьд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг, алба хаагчдыг мэргэжлийн болон захиргааны нэгдсэн удирдлагаар хангах ажлыг хариуцан ажилладаг. Цагийн байдал, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч монгол цэрэг энгийн иргэдийн амь насыг аварлаа, халдлагыг таслан зогсоолоо, спортоор тэргүүллээ, хүмүүнлэгийн тусламж үзүүллээ, ард иргэдэд тусаллаа гэх зэрэг сайхан мэдээ, халуун дотно талархлын үгийг өдөр бүр сонсох нь цэрэг эрсээрээ бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж байдаг. Нэгэн түүхийг сөхөн ярихад, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Иракийн Аль Хилла хотын ойролцоо орших "Чарли" бааз руу алан хядагч этгээдүүд халдлагыг таслан зогсоож, олон үндэстний 1000 гаруй цэргийн алба хаагчийн амь насыг аварсан. Мөн саяхан болсон үйл явдлыг сөхөхөд Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний батальоны цэргийн алба хаагчид НҮБ-ын энгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн халдлагад өртсөнийг таслан зогсоож олон эрдэнэт хүний амь насыг аварсан. Монгол цэрэг үүрэг гүйцэтгэлтээрээ өөрсдийгөө дархалж чадсан гавьяатай.

-Ярилцлагаа энгийн хэлбэрт оруулъя л даа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагч, "ахлагч Ч.Батаа" энхийг сахиулаад ирсний дараа хувь хүний хувьд чадвар нь хэрхэн нэмэгддэг вэ? Мэдээж нийгмийн баталгаа нь зохих хэмжээгээр хангагдаж байгаа нь ойлгомжтой. Зөрчил, мөргөлдөөнтэй ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа нь ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж байгаа байх...

-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж байгаа гэдэгтэй санал нийлж байна. Нэг зүйлийг дурдахад БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны нүүр хуудаснаа Монгол Улсын цэргийн алба хаагчдыг сайшаасан нийтлэл байхыг уншиж байсан. Түүнд “Монгол энхийг сахиулагчид аюул нүүрлэхэд хэнээс ч илүү эр зориг гаргадгаараа алдартай. Бентью хот дахь НҮБ-ын энгийн иргэдийг хамгаалах баазад байрлаж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалаад зогсохгүй, тэдэнд түлээний мод бэлдэж өгөхийн тулд аадар бороо, үер, намаг дундуур ажралгүй явж байна. Цар тахлын үед ч мандатаар хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлсээр байна” гэж онцолсон байна. Энэ бол Монгол Улсын энхийг сахиулагчид цагийн байдлын хүнд нөхцөлд оновчтой шийдвэр гаргадаг, өндөр сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужил, ур чадвартай байгааг дэлхийн олон улс орон төдийгүй НҮБ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм. Түүнчлэн цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цэргийн хэрэг, гадаад хэлний мэдлэг өсч, аливаа бэрхшээлийг даван туулах бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилж, зориг, тэвчээр хатуужил сууж байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний олон талт үүргийн нэг нь энхийг дэмжих ажиллагаа болж өргөжиж байна.

-Энхийг дэмжих ажиллагааны эрх зүйн шинэчлэлийн талаар ярихгүй юу? Саяхан зарим журамд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийн гол зорилго нь юу байв?

-Орчин үеийн энхийг сахиулах ажиллагааны төрөл, далайц өөрчлөгдөж, энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг оновчтой шийдвэрлэх, Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо өргөжсөнтэй холбоотойгоор УИХ-аас 2010 онд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийг шинэчлэн баталсан. Ингэснээр НҮБ-ын гишүүн орны хувьд үүргээ биелүүлж дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрх зүйн орчин улам боловсронгуй болсон юм. Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/31 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам” шинэчлэгдэн батлагдсан. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцооны өсөн нэмэгдэлт, НҮБ-аас тавьж буй шаардлага зэргээс үүдэн цэргийн алба хаагчдыг сонгох, сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үеийн удирдлага, зохицуулалтыг тодорхой болгох практик, хэрэгцээ шаардлага үүссэн зэрэг нь уг журмыг зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн гэсэн үг.

-Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны цаашдын хэтийн төлөвийн талаар хэлж өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах тухай асуудлууд тусгагдаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан. Энэхүү бодлогын баримт бичигт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх талаар тусгасан. Ийнхүү Монгол төрийн хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан байгаа нь Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны цаашдын хэтийн төлөв харагдаж байна гэж үзэж болно. Одоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудыг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор түргэн байрлах хүчний рот, инженерийн рот, цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дахин оролцуулах бэлтгэлийг хангаж, холбогдох санал, тооцоог Батлан хамгаалах яаманд ойрын хугацаанд хүргүүлэхээр ажиллаж байна. Цаашид Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын нэгжээс гадна төрөл мэргэжлийн анги, салбаруудын оролцоо, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штаб, удирдах албан тушаалтныг нэмэгдүүлэн оролцоогоо чанаржуулах бодлого барьж ажиллана.

-Энхийг дэмжих ажиллагааны сургалт бэлтгэлийн тухай тодруулмаар байна. Энэ бэлтгэл тухайн алба хаагчдын тэсвэр хатуужлыг багагүй сорьдог?

 -Энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн тухайд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг тухайн ажиллагааны газар оронд мандатаар болон бусад эрх зүйн баримт бичиг, шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар олгоход чиглэгддэг. Энэ нь тухайн алба хаагчид томилогдсон албан тушаалдаа үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг олгон, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах, ажиллагаанд үүрэг гүйцэтгэх арга тактикт сурган жигдрүүлж шаардагдах төлөвлөлт, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, аюулгүй байдлаа хангах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулах, цагийн байдлын хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадварыг бид олгож байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд цэргээ илгээгээд чамгүй хугацаа өнгөрлөө. Цэргийн багийг бэлтгэх, жигдрүүлэх гээд миний өмнө хэлсэн ажлууд нь шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн боловсруулагдсан сургалтын арга, ажиллагааг шингээсэн цогц ойлголт. Дараах зарчмын хүрээнд явагдах ёстой.

Тухайлбал, хууль, эрх зүйн үндэслэлтэй байх, бодитой байх, уян хатан байх зэргийг дурдаж болох юм. Ажиллагааны сургалт, бэлтгэлд хамрагдсан цэргийн алба хаагч бүр бие бялдар, сэтгэл зүйн хувьд ачаалал даах, мэргэжлийн болон тусгай мэдлэг, чадвартай, цэргийн багийн удирдлага штабын бэлтгэлжилтийг хангах, мандатаар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах төлөвлөлт, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, аюулгүй байдлаа хангах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулж цагийн байдлын хүндрүүлсэн нөхцөлүүдэд үүргээ гүйцэтгэх мэдлэг, чадвартай болсон байдаг. Онол, дадлага, штабын дадлага зэрэг сургалтын хэлбэрүүдийг хослуулан явагдсанаар цэргийн баг үүргээ амжилттай биелүүлж, эх орондоо ирэх үндэс суурь болдог юм.

-Энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа. НҮБ-аас эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа квотыг нэмэх талаар өгүүлдэг. Энэ талаар ямар бодлого баримталж байгаа бол?

-Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчийг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар бүхий “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын Энхийн ажиллагааны газраас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тухай” албан даалгаврыг цэрэг илгээгч нийт улс оронд ирүүлсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангаж буй цөөн хэдэн улсын нэг нь манай Монгол Улс. Учир нь өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэрэг илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна. Ингээд эмэгтэй цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэг ойлголтыг баталж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснээс хойш өнөөдрийг хүртэл энхийг дэмжих ажиллагаанд нийт 880 гаруй эмэгтэй оролцсон нь нийт бүрэлдэхүүний 4, мотобуудлагын батальоны 7, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд цаашлаад цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэсэн байна. НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж буй. Тиймээс энэ тоо цаашид ч өснө. Энэ ташрамд, удахгүй болох “Энхийг сахиулагчийн өдөр”-ийг тохиолдуулан даян дэлхийн энхийн үйлсэд монгол цэргийн оруулсан хувь нэмэр, амжилт, бүтээлийг дархалсан бүх хүн, эх орныхоо нэрийн хуудас болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй нийт энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, үр хүүхдэд чин сэтгэлийн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ахлах дэслэгч Д.Болормаа


С.Дашзэвэг: Монгол Улс энхийг сахиулагчдынхаа тоогоор дэлхийд 24 дүгээрт жагсаж байна  
Үзсэн: 1815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй