Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга, "Буур" Н.Жамъян агсны удмын бөх дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн дүү, улсын харцага Батбаярын хүү Анхбаяртай фэйсбүүкээр холбогдож ярилцлаа. Тэрбээр Японы нийслэл Токио хотноо байрлах Кибоугаока ахлах сургууль, токицказэ дэвжээнд харьяалагдаж байна.
-Сайн байна уу. Бяр их үү?
-Сайн, сайн байна уу. Хэн билээ, танил бил үү.
-Улаанбаатараас холбогдож байна аа. Өөрөөс тань ярилцлага авах гэсэн юм ...
-Юун ярицлага бэ. Би тийм том хүн биш шүү дээ. Өмнө нь ярилцлага өгч байгаагүй болохоор ямар эвгүй юм бэ (инээв, сурв).
-Дараа нь аварга болоход тань дурсгалтай шүү дээ. Удамт бөхийн хүү удахгүй их аварга болно гэдэгт итгэж байна ...
-Билэгдэлтэй үг хайрласанд баярлалаа. Гэхдээ манай аав уурлахгүй байгаа. Фэйсбүүкдээ намайг шинэ нэг л зураг оруулахаар “Битгий муухай зураг оруулаад бай” гээд л загнана. Яг л жаахан хүүхэд шиг харьцдаг. Заримдаа найзынхаа зургийг оруулахаар “Яагаад охин эргүүлээд байна. Бэлтгэлээ сайн хийгээрэй” гэдэг. Ер нь би хэзээ том болох юм бол доо.
-Чи хэдэн оных вэ. Сүмогийн сургуульдаа сураад хэдэн жил болж байна вэ?
-1998 оных. Энд сураад гурван жил болж байна. Би хамгийн бага нь болохоор манай дэвжээний ах нар их зардаг юмаа. Тантай чаталж байгаад хариу өгөхгүй байвал юм хийж байгаа юм байна гэж ойлгоорой.
-Башёд барилдах хугацаа болж байгаа юу?
-Маеэ сүмо буюу хамгийн бага башёд энэ сарын сүүлээр барилдана. Гэхдээ 2-3 барилдаан хийдэг.
-Ингэхэд өөрөө яагаад сүмог сонгосон юм бэ. Аав, авга ах тань үндэсний бөхөөр барилддаг шүү дээ?
-Аавтай ярилцаж байгаад л шийдсэн. Гэхдээ би өмнө нь сагс тоглодог байсан. Гэвч бөхийн удмаа бодоод энэ спортыг сонгосон.
-Дунд сургуульд хаана сурч байсан бэ?
-Эрдэнэт хотын 14 дүгээр дунд сургуульд есдүгээр анги хүртлээ сурч байгаад Япон руу шилжиж ирсэн. Намайг тэнд сурч байх үед аав “Хангарьд” ордонд үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Тэгээд манайх тийшээ түр шилжсэн хэрэг.
-Одоо багш, ангийнхаа хүүхдүүдийг санаж байна уу?
-Ангийнхаа хүүхдүүдийг санаж байна. Би гурван жилийн өмнө Монголд очихдоо бид нар нэг цугларсан. Би Эрдэнэтэд хайртай.
-Япон хэл сайн сурч байна уу. Сургуулийнхаа байранд амьдардаг уу?
-Анх хэцүү байсан ч одоо ярихдаа асуудалгүй болсон. Ирсэнийхээ дараа ахлах сургуулийнхаа дотууо байранд амьдардаг байсан. Харин одоо мэргэжлийн сүмогийн өөрийн орох гэж байгаа дэвжээний байранд амьдардаг.
-Танай дэвжээнд өөр Монгол хүүхэд байдаг уу?
-Байхгүй. Нэг дэвжээнд нэг л гадаад хүүхэд байх ёстой гэсэн зарчимтай.
-Япон хүүхдүүдэд чи бярдуулахгүй байгаа биз дээ?
-Гайгүй ээ.
-Чиний өндөр, жин хэд вэ?
-185 см, 123 кг жинтэй. Монголд байхдаа би 180 см өндөр, 70 кг жинтэй байсан. Жин нэмэхийн тулд хоол сайн идэх ёстой. Гэтэл би хоолондоо маш муу. Тэгэхээр нь би жин хурдан нэмэхийн тулд майонез ихэвчлэн идсэн. Харин одоо багш нар жин нэмэхийг шаардахаа больсон. Хэрвээ одоо байгаагаасаа нэмчихвэл зиндаа ахихад хөдөлгөөн саарч, бяр нэмж чадахгүй болчихно.
-Бэлтгэл хийх, хоол их идэх хоёрын аль нь хэцүү вэ?
-50-50 хувь.
-Г.Өсөхбаяр аварга чамайг үндэсний бөхөөр барилдуулья гээгүй юу?
-Үгүй. Тэгээд ч би үндэсний бөхөөд барилдвал амжилт сайн үзүүлэхгүй юм шиг санагдсан. Харин сүмо гоё санагддаг.
-Нэг өдрийн бэлтгэл хэрхэн өрнөдөг вэ?
-Барилдаан их хийж, хүн түрээд л аймшигтай. Гэхдээ бэлтгэл дууссаны дараа миний биед маш гоё мэдрэмж төрдөг.
-Өглөө хэдэн цагт босдог вэ?
-Янз бүр. Ихэвчлэн 07:00 цагт босдог. Зарим үед 05:30 цагт босч, 00:00 цагт унтана.
-Чи өөрийгөө ямар цолонд хүрнэ гэж боддог вэ?
-Би ирээдүйгээ биш зөвхөн маргаашийг боддог. Ирээдүйгээ бодож стрестех дургүй. Бэлтгэл хийхэд ч сонин болчихдог. Түүний оронд “Маргаашийн бэлтгэлийг ёстой гоё хийнэ. Өнөөдөр даваагүй бөхчүүдийг давна аа” гэж боддог. Ер нь маргаашийг бодож байхад сайхан ирээдүй нэг л мэдэхэд хүрээд ирнэ.
-Г.Өсөхбаяр аварга зөвлөгөө өгдөг үү?
-Дээхнэ Японд нэг уулзаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал партинд хамт явсан. Тэр үед хоёулахнаа гадаа гарч, жаахан юм ярьж суусан. Тэр үед ах “Ирээдүйгээ бодоод энэ хүртэл ирсэн юм чинь хичээнэ шүү. Чи бөхийн удамтай. Тэгэхээр чамд дутуу юм байхгүй. Улам сайн хичээгээрэй. Дүүгээ сайн харж байгаарай. Чамд хань болох ганц хүн тэр шүү. Та хоёр ойр байгаа юм чинь” гээд духан дээр үнсээд салсан.
-Дүү тань тань бас Японд байдаг юм уу?
-Өсөхөө агаагийн том хүү өөр хотын ахлах сургуульд сурдаг юм аа. Бид хоёр угаасаа их дотно өссөн л дөө.
-Одоо гэрээ санахаа байсан биз дээ?
-Угаасаа санадаггүй байсан. Чөлөөт цагаараа дуу сонсож, Хакүхо аваргаас эхлээд томчуудын барилдаан, сагсны тоглолт үздэг. Мөн Монгол ах нартай гадуур зугаалж, хооллох дуртай. Надтай ойрхон өөр дэвжээнд нэг Монгол ах байдаг юм. Зарим үед Хакүхо ах ч ирдэг.
-Хакүхо аварга чамайг таньдаг уу?
-Танина.
-Чи цалин авдаг уу?
-Үгүй. Одоогоор ойр зуурын бүх зардал хувиасаа. Гэхдээ манай дэвжээ төлбөр авдаггүй. Учир нь мэргэжлийн сүмогийнх болохоор. Харин башёд сайн барилдвал цалин бага багаар нэмэгдэнэ.
-Сүмогийн дэвжээнд анх ямар шалгуураар орсон бэ?
-Хакүхо аварга оруулж өгсөн. Багш нарт миний удам судрыг яриад л. Надад том тус болсон ачтан бол их аварга М.Даваажаргал. Гэтэл саяханаас дэвжээнд орно гэдэг хэцүү болсон. Нэг дэвжээнд нэг л гадаад бөх байх ёстой гэж заагдсан. Хэн дуртай нь орох боломжгүй.
-Чи “Буур” хэмээх Н.Жамъян өвөөгөө хэзээнээс мэддэг болсон бэ?
-Долоон настайгаасаа. Манай гэрт нэг өвгөний зурагтай хивс байдаг байсан юм. Тэгсэн тэр манай өвөө байсан юм билээ. Ухаан ороод хүчит аварга байсныг нь ойлгож, маш их бахархсан.
-Аав тань чамд шаардлага өндөр тавьдаг уу?
-Өндөр шүү. Өөрөө ч барилддаг байсан болохоороо надад маш их зүйл зааж, зөвлөдөг. Биеийн булчин хөгжүүлэх гээд л... Утсаар ярих болгонд л иймэрхүү юм заана. Харин ээжтэй ярихаар “Идэж, уух юмаа бодоорой. Тийм юм сайн ид” гээд л.
-Чиний ойрын зорилго юу вэ?
-Гурван зиндаа дараалж түрүүлмээр байна. Дараа нь дээд цолонд хүрэх. Ер нь би зорилгоо бага багаар тавьдаг. Энэ олон жижиг зорилго, мөрөөдлийн цаана их аварга болох бий.
-Үндэсний бөхийн барилдаан хэр их үздэг вэ?
-Нэг их үздэггүй. Барьц халах, мэх зэргийг л хааяа хардаг.
-Хүчний бэлтгэл хэр их хийдэг вэ?
-Хүчний бэлтгэл хийх би их дуртай. Заримдаа фитнессийн зааланд очиж хөлсөө гаргах мөн ч сайхан шүү. Толгой тулж, түлхэж барилддаг болохоор цээж, гарандаа ихэвчлэн бэлтгэл хийдэг.
-Үс их ургаж байна уу?
-Жил хэртэй ургуулж байна. Одоо яг нүдний хэсэгт шүргээд байгаа болохоор их ядаргаатай.
-Монгол, Япон хүүхдүүдийн барилдаан хэр өөр вэ?
-Өөр шүү. Япон хүүхдүүд мэх муу. Гэхдээ сүүлийн үед сайн сураад байгаа. Намайг мордолт, хургаа мэх хийхээр яаж ч чаддаггүй. Харин Монгол хүүхдүүд биеэ сайн суллаад хариу мэх хийдэг. Зан байдлын хувьд бол Япончууд их шогч, сайхан зантай. Ер нь хамт амьдрахад хэзээ ч уйдахгүй. Хэн нэгэн сонирхолгүй юм ярьсан ч сэтгэлийг нь бодоод инээдэг. За би бэлтгэлдээ орлоо шүү ах. Танд ажлын өндөр өмжилт хүсэе.
-Баярлалаа. Чамд ч гэсэн спортын өндөр амжилт хүсэе. Аварга цол хүртэхээр тань дахин уулзахыг ерөөл өргөе.
“Буур” Н.Жамъян аваргын удмын бөх Б.Анхбаяр: Хивсэн дээрх зурагнаас л өвөөгөө мэддэг болсон | ||
Үзсэн: 22750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: