Шууд Chart

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол хийх тухай хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв

2022-01-28 18:05:09

Монгол Улсын Их Хурлын 2022 оны  ээлжит бус чуулган  өнөөдөр (2022.01.28) 14 цаг 45 минутад, танхимаар 25, цахимаар 26, нийт 51 гишүүний ирцтэйгээр Их Хуралдай танхимд эхэллээ. 

Чуулганы хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. (бүрэн эхээр нь эндээс)

Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаад хэдхэн хонож байгаа ч хойшлуулж боломгүй чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг дурдаад  оны сүүлийн хагаст үүссэн тээвэр логистикийн түгжрэл гацаа, зардлын өсөлт зэрэгтэй холбоотойгоор экспорт, гадаад дотоод худалдаа хумигдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулаад байна. Дэлхий нийтээрээ үнийн өсөлттэй тулгарч байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж байгааг онцлов. 

Энэ сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь тэтгэврийн орлогоороо амьдардаг өндөр настнууд, халамж тэтгэмж зайлшгүй шаардлагатай иргэд гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлоод  монголчууд азай буурал ахмадууд, асрамж дэмжлэг шаардлагатай ахан дүүсээ ачлан энэрдэг, Сар шинийн баяраар тэдэндээ хамгийн дээд хүндлэл үзүүлдэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэхүү төрийн энэрэл, уламжлалт ёсоо бодож, Монгол Улсын 2022 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өнөөдөр өргөн барьсныг тотдотгосон. 

Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан гэдгийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй гэдгийг онцлов. 

Мөн тэрбээр, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байгааг дурдахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Н.Учрал,  Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Ж.Мөнхбат, Б.Жаргалмаа, Д.Цогтбаатар нар асуулт асууж,  үг хэлсэн. Гишүүдийн зүгээс шаардлагагүй төсвийн тодотгол хийхдээ төсвийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг  түр царцаахад анхаарсан эсэхийг лавлахын зэрэгцээ  Засгийн газраас цаашид тэтгэврийн зөрүүг арилгахад ямар бодлого байр суурьтай байгааг тодруулж байлаа. 

Үг хэлсэн гишүүдийн олонх төсвийн тодотгол хийж,  сар шинийн баяраар ахмад настнуудын зүгээс олон жил ярьж, шийдвэрлэхийг шаардаж ирсэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газраас цаашид анхаарах асуудалд санал, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахмад настны тэтгэвэр тэтгэмжийн талаар тооцоо, судалгаа хийж үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байсныг дурдаад тэтгэвэр тэтгэмжийг огцом нэмснээр цаашдаа цалин хөлсний доод хэмжээ, халамжийн мөнгийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийн асуудал хамт яригдана. Иймд цаашдаа бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Харин  Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхэд гурван хүндрэлтэй асуудал үүсэхийг Засгийн газарт анхааруулав. Тэрбээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 400 мянган төгрөг байхад тэтгэврийн доод хэмжээ нь үүнээс илүү гарах нөхцөл бүрдэж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн зөрүүг арилгана гэж тусгасан. Гэтэл энэхүү арга хэмжээ нь тэрхүү зөрүүг  улам ихэсгэхээр байна. Гуравдугаарт, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар нэмэхээр болжээ. Гэтэл 351-500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 100 мянган иргэд  байдаг. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор тэрхүү 100 мянган иргэдийн тэтгэвэр доошоо бууж байгаа тул эдгээр гурван асуудлыг Засгийн газар цаашид зохицуулах шаардлага үүсэхийг анхааруулж байлаа. 

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Төсвийн тухай хуулиар төсвийн орлого буувал төсөв тодотгодог үндсэн зарчимтай. Төсвийн орлого давбал тэр нь эмнэгдээд үүсээд байгаа өрийг барагдуулах үндсэн агуулгатай нийцэхгүйгээр төсвийн тодотгол хийх гэж байгааг анхааруулав. Түүнчлэн өнөөдрийн шийдвэрээр 650-700 тэрбум төгрөгийн нэмэлтийг хийх нь. 2023 он гэхэд энэ тоо нэг их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь эргээд алдагдлыг нэмэх тул цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал гарахаас болгоомжуулж байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нийт 469 мянган хүн  тэтгэвэр авч байгаагийн 385 мянган ахмад бүрэн тэтгэвэр, 84 мянга нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Тэрхүү 385 мянган ахмадуудын 80 хувь буюу  300 мянган ахмад, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдын 98 хувь  буюу 83 мянган хүн 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Хуулийн төслийн хүрээнд  бүрэн тэтгэврийн доод хэмцээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх, 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлэх тооцооллыг гаргаж, 02 дугаар сарын 01-ээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн гэж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, нийтдээ 637 тэрбум төгрөгийн тэтгэвэрийн нэмэгдлийн төсвийн  зохицуулалтыг тодотголоор хийнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 54  тэрбум төгрөгийн урсгал зардал, 34 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна гэв. 

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол хийх тухай хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй