Шууд Chart

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: “Холбоочдын эцэг” хэмээн хүндлэгддэг Д.Готов

2023-09-11 12:21:54

Манай улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжөөд 56 жил болж, техник технологийн хувьд дэлхийн улс орнуудын жишигт хүрсэн байна.
 
Мөн орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд болж буй үйл явдлыг өргөн уудам газар нутагтай Монгол орны өнцөг булан бүрт хүргэх техник технологийн боломж бүрдсэн нь нэг талаас мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, тоон технологийн нэгдэн нийлэх үйл явцтай холбоотой ч нөгөө талаас телевизийн салбарыг үүсгэн байгуулсан, үргэлжлүүлэн хөгжүүлсэн үе үеийн инженер, техникийн ажилтнуудын арвин баялаг туршлага, ажилсаг хичээнгүй чанар, бүтээлч эрэл хайгуулын үр дүн юм.
 
Монгол Улсад Телевиз байгуулах анхны санал санаачилгыг гаргаж, суурийг тавьсан хүмүүс бол холбооны салбарын инженерүүд, телевиз бол шинжлэх ухаан, техникийн ололт амжилт гэдэг нь тодорхой юм.
 
Миний хувьд телевизийн салбарыг үүсгэн байгуулсан зарим хүмүүстэй өөрийн биеэр уулзаж ярилцаж, телевизийн анхны мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэдний ажлын арвин туршлага, мэргэжлийн ур чадвараас суралцаж байсны хувьд хойч үеийнхэнд залгамжлан үлдээж, бүтээлч хандлагыг нь нэмэгдүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах зорилгоор мэргэжил нэгт нөхдийнхөө талаар өөрийн санасан бодсоноо
хуваалцаж байна.

 

МОНГОЛ УЛСАД ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫГ ҮНДЭСЛЭН БАЙГУУЛАГЧДЫН НЭГ, ХОЛБООНЫ ЯАМНЫ САЙД АСАН МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ДАХЫН ГОТОВ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат холбоочин Д.Готов гуай 1965 онд Холбооны яам шинээр байгуулагдахад сайдаар томилогдон ажиллаж, Монгол Улсад телевиз байгуулах, үргэлжлүүлэн хөгжүүлэх, боловсон хүчин бэтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
 
Телевизийн нэвтрүүлгийг улс орон даяар дамжуулах, Сансрын холбооны Орбит станцыг ашиглалтад оруулах зэрэг ажлууд “холбоочдын эцэг” гэх энэ хүний удирлага дор хийгдсэн байдаг.
 
Миний бие энэ хүнтэй хэд хэдэн удаа уулзаж цөөхөн хором ярилцах боломж олдож байсан. Ойлгомжтой, цэгцтэй яриатай хүнлэг сайхан хүн.
 
Д.Готов гуай Монгол Улсын холбооны яамны сайдаар олон жил ажиллаж өнөөгийн манай улсын мэдээллийн технологийн хөгжлийн суурийг тавилцсан төрийн болон олон нийтийн байгууллагуудад 60 гаруй жил ажилласан хүндтэй хүн.
 
Д.Готов Монгол Улсын мэдээллийн технологийн хөгжлийн суурийг тавилцсан төдийгүй төрийн болон олон нийтийн байгууллагуудад 60 гаруй жил ажиллажээ. 
 
Тэрбээр ярихдаа “Москва хотын Цахилгаан холбооны дээд сургуульд сурч байсан Г.Балдандорж бид хоёрыг 1958 оны амралтаар ирэх үед Тээвэр холбооны сайд Л.Дамдинжав, орлогч сайд М.Чимэддорж нар дуудаж Зурагт радиогийн чиглэлээр дипломын ажлаа хийж сайн хамгаалаарай гэж зөвлөснөөр Г.Балдандорж зурагтын аппарат студийн чиглэлээр, би нэвтрүүлэх станцаар диплом хамгаалж, амжилттай төгсөж ирсэн билээ. 1960-аад оны эхээр манай холбооны инженерүүд Монголд зурагт радио байгуулах төсөл тооцоо хийж Тээвэр холбооны яаманд танилцуулж байсан. Монгол телевиз хэмээх энэ их айлын тулгын чулууг тулах газрыг сонгохоос эхлээд зураг төсөл техникийн тооцоо хийх, цахилгааны шугам сүлжээ татах, зурагтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлтгэх гол ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүс бол Телевизийн техникийн төвийн анхны захирал Ц.Мятав, Ерөнхий инженер Г.Балдандорж нар юм” гэсэн байна.
 
Монгол Улсын дипломат албаны дээд шагнал Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд цолтой энэ хүн гадаадад Элчин сайдаар ажиллаж дэлхийн олон оронд очиж, Дэлхийн шуудангийн байгууллага, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ажилд оролцож, олон хүмүүстэй уулзаж, ярилцаж шинэ санаа туршлага хуримтлуулж тэр хэрээр Монгол Улсыг бүрэн холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан удирдаж хийлгэсэн байна.
 
Д.Готов сайд холбооны салбарын галч, засварчнаас ажлын гараагаа эхэлж, Холбооны яамны сайд хүртэл дэвшин харилцаа холбооны салбарын үсрэнгүй хөгжлийг хангах дэд бүтцийг бий болгоход хичээн зүтгэж ирсэн юм.
 
Д.Готов сайд холбооны салбарын галч, засварчнаас ажлын гараагаа эхэлжээ. 
 
Түүний холбооны салбарын хөгжил болон дипломат албанд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлэн 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат холбоочин, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дахын Готов Сүхбаатар аймгийн Онгон суманд 1927 онд төрсөн. 1942 онд Сүхбаатар аймгийн Байшинтын холбооны салбарт галчаар орж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1945-1949 онд Улаанбаатар хотын Холбооны техникумд суралцаж холбоочны мэргэжил эзэмшсэн. Тэрбээр: 
 
1953-1959 онд ЗХУ-ын Москва хотын Цахилгаан холбооны дээд сургуульд сурч радио холбооны инженер мэргэжил эзэмшсэн.
 
1959-1964 онд Хонхорын радио төвийн ахлах инженер, Төрийн ордны холбооны инженер, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тээвэр, холбоо хариуцсан референт,
 
1964-1965 онд Тээвэр, холбооны яамны холбоо эрхэлсэн орлогч сайд
 
1965-1985 онд Холбооны яамны сайдаар ажилласан.
 
1979-1984 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Элчин сайд
 
1984-1985 онд Шинжлэх ухааны академийн орлогч дарга
 
1985-1987 онд Материал техникийн хангамжийн хорооны дарга
 
1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны 1-р орлогч сайд
 
1990-1992 онд “Хоршоо импэкс” компанийн захирал
 
1992 онд Тайваньтай харилцах ТББ-ын даргын албыг тус тус хашсан байна.
 
Тэрбээр Монгол Улсад Телевизийн салбарын суурийг тавилцсан, үндэслэн байгуулсан, үргэлжлүүлэн хөгжүүлсэн инженер юм.
 
Ахмад инженер Ч.Цагаан

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: “Холбоочдын эцэг” хэмээн хүндлэгддэг Д.Готов  
Үзсэн: 3727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-14 22:57
Готов гуай маань сайхан ануухан харагдаж бна, нас сүүдэр одоо бараг 100 дөхөж байгаа байх шүү. Танд эрүүл энхийг хүсэе!
цэндсүрэн [127.0.0.xxx] 2023-09-14 16:45
аавын маани үед энэ салбарын сайдууд дэндэв ,чимидорж ,дамдинжав,готов ,норовжав ,гарамочир хамтарч ажиллаж байсан он цаг үеүүд юм даа.аав маани 1944-1989хүртэл холбооны салбартаа морзист мэргэжлээс эхлээд аймгийн холбооны дарга хүртэл 24 мэргэжлийн ажлуудыг хийжээ.монтёр засварчин шуудангийн эрхлэгч ,радио үзелийн техниK,цахилгаан мэдээний байцаагч ,нярав ,шугам бригадын дарга ,аймгийн холбооны даргаар.................ажиллаж байсан түүхтэй хүн юмаа.
Зочин [127.0.0.xxx] 2023-09-11 17:01
Minii aaviin Sain And ni baij bilee Gotov gui urt naslaarai

Бидэнтэй нэгдээрэй