
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жилийн ой энэ онд тохиож байна. Монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээсэн энэ түүхэн тэмдэглэлт өдрийн талаар түүхч, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.
-Тун удахгүй Үндэсний эрх чөлөөний өдөр болох гэж байна. Энэ өдрийн үнэ цэнэ, түүхэн ач холбогдлыг түүхч хүний хувьд юу гэж үздэг вэ?
-Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан. Энэ хүчирхэг байдлаа хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаасаа болж алдсан нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж үздэг. Үндэсний тусгаар тогтнолоо өмнөд Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 275 жилийн дараа, Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа баруун Монгол, Ойрад Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас хойш 160-аад жилийн дараа буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд сэргээсэн. Иймээс Үндэсний тусгаар тогтнолын өдөр, эрх чөлөөний өдөр хэмээн түүхэндээ тэмдэглэдэг. Энэ олон жилийн дараа эрх чөлөөгөө, тусгаар тогтнолоо олсон нь үндэсний хувьсгалын шинжтэй аугаа үйл хэрэг байсан юм. Дараа нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бүрэн тусгаар тогтнолоо олж авсан. Үүнийгээ бататгаж, 1924 онд Бүгд Найрамдах Улсыг тунхагласан. Энэ үйл явц тусгаар тогтнолоо бататгасан том шат. Бүр хожим 1945 онд Яалтын гурван том гүрний хэлэлцээрээр Монголын статусыг баталснаар дэлхий дахинд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш идэвх чармайлттай ажилласны үр дүнд 1961 онд НҮБ-ын гишүүн болж, дэлхийн бүрэн эрхт улсуудын хүрээнд багтсан түүхтэй. Тэгэхээр 1911 оны Үндэсний хувьсгал бол 1921 он, цаашлаад XX зуунд Монгол Улс сэргэн мандах анхны гарааг тавьснаараа ач холбогдолтой. Үндэсний хувьсгалд оюун санааны талаас нь бол наймдугаар богд Жавзандамба том үүрэг гүйцэтгэсэн. Харин Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрлөгч түшмэл Хайсан нар энэ их үйлсийг манлайлж, ачааны хүндийг үүрсэн гэх үндэстэй.
-Гэвч тухайн үед гадаад ертөнцөд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэг?
-Энэ явдал юугаар илэрсэн бэ гэхээр 1913 онд Хятад, Орос улс хоёр удаа тунхаглал гаргаж, Монгол Улсыг Хятадын эзэн харьяан дахь автономит улс буюу сюзернитет байлгахаар тохирсон. Үүнийгээ 1915 онд Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээгээр баталгаажуулсан. Нэр нь Хятадын хараат боловч хэрэг дээрээ Оросын хараат болж эхэлсэн. Гэхдээ Монголчууд хэзээ ч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагүй.
-Тэр үед таван яамны бүтэцтэй Засгийн газрыг байгуулж, VIII Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөөд, Богдхаант Монгол Улсыг байгуулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад, 1911 оны Үндэсний хувьсгал, одоогийн парламент засаглалын үндсийг тавьсан гэж үзэж болохоор байна. Тухайн үед Оросын соёлыг хэрхэн дэлгэрүүлсэн зэргийг энэ дашрамд сонирхуулахгүй юу?
-1911 онд Үндэсний тусгаар тогтнолоо олж авснаараа, дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засгийн дэвшилтэт үйл явцыг өөрийн улс оронд нэвтрүүлэхийг зорьж эхэлсэн. Энэ үед Богд хаан хамгийн түрүүнд парламентат ёсны эхийг тавихын тулд олон улсын жишгээр Улсын дээд, доод хурлыг байгуулсан жишээтэй. Мөн хэмжээгүй эрхт хаант засаг үеэ өнгөрөөсөн гэдгийг ойлгоод, Үндсэн хуульт засаглалыг бий болгохоор эрдэмтэн Жамсрангийн Цэвээнд даалгавар өгч, үндсэн хуулийн төсөл боловсруулуулж байсан. Энэ үйл явц 1911 оны хувьсгалын эхлэл байсан юм. 1921 оны хувьсгал болохоор Зөвлөлтийн тусламжинд тулгуурлаж, орчин үеийн соёл иргэншлийг оруулж ирсэн. Гэхдээ энд учир дутагдалтай зүйл олон байсан ч Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд байгаа Монгол Улсад өөр арга байгаагүй. Ядаж далайд гарцтай, эсвэл гурав, дөрвөн оронтой хил хязгаар тогтоож байсан бол өөр хэрэг. Хоёр том бахины дунд байсан учраас аль боломжтойг нь дагаж хөдлөхөөс өөр аргагүй болсон. Ийм түүхэн зайлшгүй нөхцөл байдлыг одоогийн залуус дутмаг ойлгодог. Улс болно гэдэг нь өөрийн хаантай, өөрийн засгийн газартай, өөрийн нийслэлтэй төрийн бүрэн эрхт байдалтай байхыг хэлнэ. Нөгөө талаар газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаар энэ бүх юм орж байж тусгаар тогтносон улс гэдэг ухагдахуун бий болж байгаа. Зарчим нь шал өөр. Цоо шинэ хувьсгал гарч байгаа нь хэнд ч тодорхой юм. Ер нь монголчууд хэлдэг биз дээ. Хар гэртээ хаан бор гэртээ богд гэж. Өөрийнхөө юмыг өөрөө мэдэж эхэлнэ гэдэг том үйл явдал. Тухайн үеийн төр засгийн байдлаас болж бүрэн эрхээ эдлэх боломж хаагдмал байсан. Энэ бүгдийг түүхэн хувьслаар нь дүгнэх учраас түүхээ мэдэх хэрэгтэй болж байгаа юм. Түүх нь тухайн улс үндэстэнд түүхэн ухамсар суулгах үндэсний бахархал төрүүлэхэд чиглэгддэг. Энэ үүргээ түүхчид, түүхийн шинжлэх ухаан биелүүлэх ёстой.
1911 оны үндэсний хувьсгал 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын угтал байсан
-Сүүлийн үед түүхийн үе шатуудыг хооронд нь сөргүүлэн тавих, улстөржүүлэх үзэл яваад байгааг шүүмжлэгсэд цөөнгүй байна. Энэ тал дээр таны үзэл баримтлал?
-1911 оны үндэсний хувьсгал нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын угтал байсан. Энэ утгаараа хоорондоо салшгүй холбоотой, мөн Монголын тусгаар тогтнолын төлөөх олон жилийн шаргуу тэмцлийн үр дүн байсан гэдгийг хэлмээр байдаг. Гэтэл ардчилсан нам улс төрийн бодлогын үүднээс 1911 оны үндэсний хувьсгалыг хэт өргөж, 1921 оны хувьсгал, 1924 оны үйл явдлыг үгүйсгээд өөрсдөдөө бүх гавьяаг наах гэсэн бодлого явуулж байсан. Тэр байтугай Богд Жавзандамбыг үндэсний хувьсгалын удирдагч, “загалмайлсан эцэг” гэж өргөмжлөөд, төрийн шагнал хүртэл олгосон шүү дээ. Монгол Улсыг автономит болгоход гол үүрэг гүйцэтгэсэн, Монголыг хавчиж, хязгаарлаж байсан Оросын бүрэн эрхт төлөөлөгч Корестовецийг өргөөд, хөшөөг нь босгоод хачин юм хийж байна. Бас Барон Унгерний хөшөөг босгох гэж хөөцөлдөж явна гэсэн сураг бий. Энэ бол байж болшгүй хэрэг. Оросын их сэтгэгч Бердяев “Өнгөрсөн түүхтэйгээ тооцоо хийж, улс төржүүлж байгаа ард түмэн бол золгүй ард түмэн. Энэ нь яваандаа сөнөж мөхөхийн цондон” гэж хэлсэн байдаг.
-Яг ийм байсан гэх түүхийн баримтыг илүүд үзэх хандлага одоо ч байсаар байдаг?
-Түүх гэдэг шороо, чулууг нь тунгаагаад, алтыг нь авдаг зүйл биш. Хэний ч хамааралгүйгээр түүх болдгоороо болоод өнгөрдөг. Жишээ нь, үдээс хойш юу болохыг бид мэдэхгүй. Харин түүхэнд үүрэг гүйцэтгэж байгаа субьектүүдийн алдаа гэж байдаг. Тухайлбал, улс төрийн нам ч юм уу, тухайн үеийн төрийн удирдагчийн алдаа байж болно. Тэр алдааг дахин давтуулахгүйн тулд, түүхээс сургамж авахуулах үүднээс асуудлыг гаргаж тавих нь түүхчдийн үүрэг. Гэхдээ түүхийг яг бүрэн бүтэн босгоно гэдэг хэцүү. Хэдэн мянган жилийн өмнөх байтугай өчигдрийнхөө явдлыг тэр бүр санахгүй орхигдуулдаг явдал бий. Тэгэхээр түүхийн гол ноён нурууг тухайн үеийн түүхэн нөхцөл байдлаас гадна хүмүүсийн оюуны түвшин, ахуйгаас нь ургуулан авч үзэх шаардлагатай болдог. Ингэхдээ аль болох субьектизмыг оруулахгүй талаас нь бодох ёстой. Сүүлийн үед түүхийг авч үзэхдээ улс төрийн бодлого, улс төрийн субьективизмыг оруулах гэдэг хандлага байгаа. Социалист нийгмийн үед ноёрхсон цорын ганц үнэн зөв сургаал бол Марксизм, Ленинизм гэдэг үзэл. Одоо тэр үзлээ эргүүлээд засах болсон чинь нөгөө тал руу нь хэлбийлгэн хэт туйлшруулах болсон. Энэ бүхний голч нурууг олохын тулд түүхийн шинжлэх ухаан энэ олон судалгааг хийж, тодорхой зүйлүүдийг тодотгон гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр түүх нь аливаа дүгнэлтийг судалгааны үндсэн дээр гаргаж ирэхээс биш яг ийм байсан гэж тодорхойлоход хэцүү. Хүмүүс болохоор үүнийг шаарддаг.
-Та Богд Жавзандамба хутагтыг оюун санааны удирдагч байсан. Гол үүрэг ачааны хүндийг Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрлөгч түшмэл Хайсан гүйцэтгэсэн тухай ярьсан. Түүхэн үйл явдлыг нь судлахад сонирхолтой зүйл олон байдаг байх?
-Манжийн дарлал дээд цэгтээ хүрч дээр нь Монголын газар нутагт тариа тарих, ашигт малтмалыг ашиглах тухай Манжийн шинэ засгийн бодлого гэгч юм яригдаж, ард иргэдийн алба гувчуурыг улам нэмж, өндийх аргагүй болгож байгааг тэвчих аргагүй болсон. Тэр үед тусгаар тогтнолынхоо төлөө хөдөлгөөнийг эхлүүлсэн нь XX зууны үеийн Монголын дэвшилтэт үзэлтэй ноёд. Энд Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг хүмүүсийг дурдаж болно. Тэд санаа нэгдэж, Богд Жавзандамба хутагтад өргөх бичиг барьсан. Энэ үед нь Богд юм бүхэн хэмжээ хязгаартай, монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх цаг болсон гээд маш тааламжтай хүлээж авсан. Сүүлийн үед 1911 оны үйл явдлыг улстөржүүлээд бүгдийг нь наймдугаар Богд Жавзандамба хийсэн мэтээр ярьж байна. Богд бол шарын шашны тэргүүний хувьд оюун санааны удирдагчийн үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл тэр үед шарын шашнаар Монголын ард түмнийг нэгтгэж байсан учраас түүнийг түшиж олон түмнийг татсан. Энэ талаас нь харах юм бол Богдын үүрэг байлгүй яах вэ. Амьд бурхан гэж шүтэгдэж байсан ганц хүн шүү дээ. Хувьсгалыг хийхэд монголчууд дангаараа хүч хүрэхгүй гадны тусламж хэрэгтэй байсан. Тиймээс Оросын хаант засагт хандсан. Энэ үеэр Богд нэр төрөө ашиглаж, Оросын Засгийн газраас хил давах зөвшөөрөл олж өгч байсан. Тэгээд Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрлөгч түшмэл Хайсан нар Хаант Орос руу элч төлөөлөгчөөр явж байсан юм шүү дээ. Энэ их үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол тэд. Түүхийн баримтаас харахад тэд Орос руу элч төлөөлөгчөөр томилогдоод, мөрдөж мөшгүүлэхээс эхлээд маш их хавчлага дунд амь дүйж явсан байдаг.
-Үндэсний хувьсгалын үйл хэрэгт Чин ван Ханддоржийг голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг шүү дээ. Түүхч хүний хувьд та энэ талаар тодотгож ярихгүй юу?
-Энэ үедээ тэд худалдаачны дүрээр зүсээ хувиргаж, одоогийн Булган аймгийн нутаг Дайчин вангийн хошуугаар анчдын жимээр хил давж байсан байгаа юм. Явах зам бүрт нь мөшгөөд байсан болохоор зүсээ хувиргах шаардлага гарсаар л байсан. Тухайлбал, Да лам Цэрэнчимэд орос эмчийн дүрд хувилж, Хиагтаар орж ирсэн байдаг. Эрхүүгээс вагоноор явж байхад нь тэднийг мөрдөж байсан хятад, манж хүмүүс замыг нь отож вагоны тамбр дээрээс авч шидэх гэж л дээ. Энэ үед нь Да лам Цэрэнчимэд банди зодоонд сүрхий байсан учраас тэднийг дор нь зогсоогоод, цаашаа Оросын хамгаалалтад Петербург орж хоёрдугаар Николай хаан болон түүний сайд нартай уулзаж, тусламж хүсч байсан баримт байдаг. Буцаж ирэхэд нь тэднийг бас л мөрдөж байсан. Үүний жишээ бол Чин ван Ханддорж нутгийнхаа баг цэргээр хамгаалуулаад, төрсөн нутгийнхаа анчдын жимээр орж ирэхдээ мөрдөөд байгааг нь мэдээд, Цонхлон уул буюу одоогийн Хутаг-Өндөр, Буга сумын заагт байдаг Эг, Сэлэнгийн голын хагалбар хадтай өндөр ууланд хоргодож байсан байна л даа. Гэтэл хэд хоногийн өмнөөс нэгэн сохор хятад Сэлэнгэ мөрний эрэг хавийн айлаар эргэлдээд байгаа мэдээг Ханд вангийн нутгийнхан мэдээд хэл залгуулсан байгаа юм. Цонхлон уулын зүүн, баруун урд тал усаар хүрээлэгдсэн болохоор зөвхөн хойноос нь орох хэрэгтэй байсан. Тэр замын ойр хавиар ажиглалт хийгээд хүлээгээд байж. Гэтэл уулын ард талын модны захаар гахай гарч ирээд, цаашаа орчихоод байж. Тэгэхээр нь Ханд ван нутаг усаа сайн мэддэг хүний хувьд өдийд гахай мод захлах болоогүй хүлээе гээд ажиглаад байсан чинь харуй бүрий болсон хойно сохор хятад мөлхөж гарч ирээд баригдсан. Байцаахад нь би зүгээр л тэнэж яваа гээд гүрийгээд байж. Түүний шаахайны улыг ханзалж үзтэл жижигхэн гар буу, хурц хутга гарч ирсэн яриа байдаг. Энэ нь Ханд вангийн амийг хороох гэж байсныг нотолж байгаа юм. Ер нь бол тэмцлийн гол манлайлагч, Чин ван Ханддорж гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Энэ хүн Түшээт хан аймгийн жанжин байсан. Ханддорж эртнээс манжийг эсэргүүцэж ирсэн. Түүхийн баримтанд Ханд ван шударга дайчин хүн байсан нь харагддаг. Ер нь бол энэ их үйл хэргийг хийхэд ачааны хүндийг үүрсэн хүн. 1911 оны 11 дүгээр сард халхын засгийн бүх хэргийг ерөнхийлөн шийтгэх газар, одоогийн төр засгийн маягийн газар байгуулахад Чин ван Ханддорж түшмэлээр ороод, Сандо амбанд Монголоос гарч явах тулган шаардах бичгийг өөрийн биеэр гардуулж өгөөд, хөөн зайлуулахдаа өөрийн цэргээ оролцуулж байсан байгаа юм.
Тэгээд Сандо амбаныг Монголын хил хязгаараас зайлуулж, тусгаар тогтнолоо зарласан. Хамгийн гол хийсэн зүйл тэр. Тэгээд Богд хаант засгаа байгуулсан байна. Шинэ засгийн газар байгуулаад, хууль гаргахад урьд нь манжид өгч байсан олон албан татварыг өөрийн улс орны сан хөмрөгт авсан байдаг. Манжийг эсэргүүцэх тэмцлийг нь хурцатгасан гол хүчин зүйлүүдийн нэг нь түүний хүүг Манжийн хаан цаазаар авсан явдал байсан.
Богд анхны авто машиныг Монголд оруулж ирж, унаж байсан
-Хүүг нь цаазаар авах болсон шалтгаан нь юу байсан юм бол?
-1905 онд XIII далай лам Монголд ирэхэд Чин ван Ханддорж хүүгээ шавь оруулаад, нутаг буцахад нь хамт явуулж л дээ. Далай лам буцах замдаа Бээжинд саатаж Манжийн хаанд бараалхахдаа хүүг дагуулж очсон байгаа юм. Энэ үед нь Чин ван Ханддоржид өстэй түвдүүд Далай ламыг Монголын зах хязгаарын ноёны хүүг өндөрт өргөлөө гэж хорсохдоо хорлох ажиллагаа явуулж л дээ. Манжийн хаанд бараалхахын тулд ихэс дээдэс нь голын шар торгон замаар, дунд тушаалын ноёд хоёр талын замаар, хамгийн доод замаар нь Ханд вангийн хүү явах ёстой. Гэтэл түшмэдүүд хүүг зориуд хэрэгт хийх гээд Далай ламыг дагаж яв гэж зөвлөсөн. Тэр замаар явбал цаазаар авах хуультай байсныг мэддэг мөртлөө шүү дээ. Түшмэдүүдийн үгэнд орсон хүүг Манжийн хуулийг зөрчсөнд тооцож, цаазаар авсан. Тэнд байсан Монгол ноёд хэрэг бишидсэн гэдгийг мэдсэн ч хэлж зүрхлээгүй. Цаазаар авсныг нь хэлэлгүй, баригдсан гэдэг хэлийг аавд нь дуулгасан. Ханд ван хүүгээ баригдаад, хэцүү байгааг сонсоод, бүх ажлаа хаяад очсон. Ингээд түүнийг очиход хэргэм зэрэгтэй ван гүнгүүдийн тусгай танхимдаа хүлээж аваад, идээ будаа жимсээр дайлж, хөл алдаж буй дүр үзүүлж, төд удалгүй царан дээр хадганд бүтээсэн юм авч ирж өмнө нь тавьсан байгаа юм. Уг нь бол том ноёдыг хүлээж авахдаа тэр царан дээр хонины толгойг тавьж өгдөг заншилтай. Ханд ван хонины толгой байна гэж бодоод, хутгаа сугалаад, сөхсөн чинь хүүгийнх нь толгой байж. Дотроо асар их уурлаж, харууссан ч биеэ барьж тэндээс гараад, Халхын нутагт “Марал илжиг, хятад шаахайны мөр гаргахгүй” гэж тангараглаад энэ тэмцэлд маш идэвхтэй орсон хүний нэг.
-Богд Жавзандамба хутагтын түүхэн үүргийг хоёр талтай авч үздэг. Хувь хүнийхээ хувьд хэн байсан нь одоо ч сонирхол татдаг?
-Жавзандамба хутагт зургаан настай балчир ахуйдаа Монголд залагдаж ирсэн. Түвд гэхээргүй монгол хүн. Нөгөөтэйгүүр Монголын тусгаар тогтнолын төлөө санаа тавьж байсан зөрчилтэй түүхэн хүн. Бурханы хутагтын дэг жаягаараа бол Богд Бээжинд бараалхаж байх ёстой. Гэтэл нэг ч удаа очоогүй. Нутаг руугаа ч яваагүй. Зөвхөн Монголд байсан. Монголын төлөө санаа зовж чаддаг хүн байсан. Бурханы шашны лам хуврагын хувьд амьдрал нь зөрчилтэй. Яагаад гэвэл нэгэнт сахил хүртсэн хүн эхнэр авах ёсгүй. Янз бүрийн садар самуунд орооцолдох ёсгүй. Гэтэл эр хүний хийдэг бүхнийг хийсэн хүн дээ. Эхлээд Юмнэрэн гэдэг бүсгүйд сэтгэл алдарсан. Түүнд сувдан гутал бэлэглэснээсээ болж Манжийн хаанаас зэмлэл хүртэж байсан гэдэг. Дараа нь гүн Цэрэндорж буюу хошуу ноёны эхнэр Норов хатантай амрагийн холбоотой болж, тэр хоёрыг салгаж байсан. Хожим Дондогдуламыг өөрийнхөө жинхэнэ хатнаар буулгасан байдаг. Хувийн амьдралаас нь харахад лам хуврагийн сахилаа бүрэн сахиж чадаагүй хүн. Номын хувьд гавжийн дамжаа барьсан.
-Богдын лүндэн гэж сүрхий юм байсан гэдэг юм билээ?
-Тэр нь иш бошго гэж, ойрын ирээдүйд болох зүйлийг өнөөдрийнх мэт хэлсэн бошго лүндэн байдаг. Жавзандамбыг Жавзандарнатын хувилгаан гэж ярьдаг. Тухайн үед Далай лам, Ванчин богд, Богд Жавзандамба хутагт гээд буддын шашны гурван том хүн байлаа. Зиндаа нь бол адилхан. Наймдугаар Богдын хувьд монголчуудад хязгааргүй шүтэгдсэн хүн байлаа шүү дээ. Ер нь Богдын адис хүртэнэ гэдэг их аз завшаан байсан. Тэр үед Богд мутрын адис, сунтгийн адис, номын адис гээд гурван янзын адис хүртээдэг байсан байгаа юм. Ялангуяа мутрын адис хүртэнэ гэдэг олдошгүй боломж. Сунтгийн адис хүртэнэ гэдэг нь Богдын ордноос гаргаж унжуулсан олс, дээснээс адис авахыг, номын адис нь ямар ном уншиж байна тэр номоос адис авахыг хэлдэг. Богд ихэвчлэн сунтгийн адис хүртээдэг байсан. Түүний сонирхдог зүйл нь их өвөрмөц. Содон, чамин юм эдлэх дуртай. Багаасаа цуглуулсан тоглоомны цуглуулга ч цөөнгүй байдаг. Бас техникийн сэтгэлгээ сүрхий. Хаана сонин техник байна сонирхоно. Анхны авто машиныг Монголд оруулж ирээд унаж байсан.
Монголд зоо парк байгуулна гээд арслан, заан, сармагчинг өөрийн ордондоо тэжээж байсан. Бас урлаг уран сайхан нэлээд сонирхоно. Богд хааны дуучид гэж байсан. Богдын алиа салбадай гэхэд томоохон арга хэмээн дээр хүмүүсийг баясгадаг байсан байгаа юм. Сүүлдээ Богдын бие нь муудаж, бөөр нь өвддөг болсон. Хуучин нийгмийн үед сохор богд гэж элдвээр хэлүүлдэг байсан нь нүд нь муудсантай холбоотой. Тухайн үедээ улс төрийн томоохон зүтгэлтэн гэдгийг нь дотооддоо төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрдөг байж . Тухайлбал, 1925 оны Германы нэгэн сонинд түүнийг аливааг нэвтэрхий хэлж, давхар бодож чаддаг улс төрийн хашир зүтгэлтэн гэж бичсэн байдаг. Хатан Дондогдулам нь Богдод том түшиг болж байсан сүрхий ухаалаг эмэгтэй. Түүнийг нас барснаас хойш Богдын бие ихэд муудсан. Монголчууд ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүн бол төрийн жолооноос нь барьж чадахгүй ч цулбуураар нь барьж бат бэх ар тал болж байдаг гэж. Тэр талаасаа Дондогдулам том үүрэг гүйцэтгэсэн хүн. Богд Жавзандамба хутагтыг түүхэнд гүйцэтгэсэн үүргийнх нь хувьд зүй зохисоор нь үнэлнэ. Хэтрүүлж үнэлж болохгүй. Тийм болохоор XX зууны эхэн үеийн ололт, түүхэн гавьяаг бүгдийг нь Богдынх гэж туйлшруулж болохгүй.
Б.Туул
Ж.Болдбаатар: Хүүг нь цаазалсан явдал Чин ван Ханддоржийн тэмцлийг улам хурцалсан байдаг | ||
Үзсэн: 26071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.