Шууд Chart

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав

2025-08-28 17:29:43

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нар гурил үйлдвэрлэгч Улаанбаатар гурил ХХК, Алтан тариа ХХК, Өег гурил ХХК, Од групп ХХК, Өгөөж гурил ХХК, Хөвсгөл алтан дуулга ХХК, Милл хаус ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Монгол Улс 2025 оны хавар нийт 577.5 мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 312.8 мянган га байна. 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоон, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал тариалсан. Улаанбуудайн тариалалт 2024 оноос 41.5 мянган га-гаар буурсан бол тосны ургамлын тариалалт 19.8 мянган га-гаар өссөн дүн гарчээ. Хур тунадас бага, хэт халалт үргэлжилсэний улмаас 41.4 мянган га талбайгаас ургац алдаж, 3.9 мянган га талбайн ургац ногоон тэжээлд шилжихээр тооцоо гарсан байна. 2025 оны намрын ургац хураалтаар 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо хурааж авах урьдчилсан баланс гарсан талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ 2025 оны намрын ургацын балансыг танилцууллаа.

Намрын ургац хураалтаас 255.8 мянган тонн улаанбуудай хураан авах бол ирэх хаврын тариалалтад 38.6 мянган тонн, үрийн нөөцөд 12.5 мянган тонн, тэжээлд 24.8 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 11 мянган тонн, гурил үйлдвэрлэлд 168.9 мянган тонн улаанбуудай шаардлагатай юм. Тиймээс 100 мянга тонн импортын улаанбуудай дутахаар байгааг онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгч нарт хандан “Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тариаланч нар нүүр тулж байгаа ч өөрсдийн хэмжээнд бүх арга хэмжээг авч, нэр төртэйгээр хүнд үеийг даван туулж байгаа. Тиймээс дотоодын улаанбуудайгаар гурилын хэрэгцээг хангах, тогтвортой байдалд анхаарах ёстой. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосон тул дагаж гарсан тогтоолын хүрээнд алслагдсан баруун бүс нутгийн иргэдэд гурилын үнэ өндөр байхааргүй зохицуулалтыг хамтдаа хийх шаардлагатай байна” гэсэн юм.

Мөн энэ жилийн ургацад ган-гийн асуудлаас гадна хэт халалтыг дагасан хортон шавж элбэг байгаа нь нөлөөлж байгаа тул Ургамал хамгааллын газраас шинэ төрлийн бордоо, туршилтуудыг амжилттай хийж байгааг тэмдэглэлээ.

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн БҮАХэлтсийн мэргэжилтэн Н.Баттөмөр ОХУ-ын улаанбуудайн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Дэлхийн улаанбуудайн 25 хувийг хангадаг ОХУ-д нүүрлэсэн гангийн улмаас Краснадорын хязгаарын 9 бүс, Ростов мужийн 4 бүс, Омск мужийн 5 бүс хүчтэй гангийн улмаас 25-35 хувийн ургац алдаж, 3 их наяд орчим төгрөгийн хохирол учрахаар байгаа аж. ОХУ-ын газар тариалангийн экспортын хэмжээ жил тутам буурч, ган гачгийн улмаас га-гаас 50-60 центр ургац авдаг газруудаас 25-29 центр авахаар байна. Улмаар дундаж ургацын хэмжээ багасч, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай байгаа талаар мэдээлэл өгөв.

Өег гурил ХХК-ийн захирал А.Батсуурь ОХУ-ын Красноярс хотоос 2024 оны гуравдугаар зэргийн улаанбуудай нэг тонныг нь 1 сая 250 мянган төгрөгөөр импортолж байгаа. Чанар сайнгүй, гологдол их байна. Тиймээс ялгаж сортолж авч байна гэв. Дотоодын шинэ ургацын улаанбуудайн дээжийг шинжилж үзэхэд гантай холбоотойгоор буудайн үр жижгэрсэн байгааг онцоллоо.

Улаанбаатар гурил компанийн төлөөлөл есдүгээр сарын тавны өдрөөс дотоодын улаанбуудайн эхний ургацыг авах тул үйлдвэр дээр буусны дараа чанарыг тодорхойлно гэсэн юм.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Баруун бүсийн гурилын үнийг тогтвортой байлгах заалт тогтоолд орсон. Үүнийг гурил үйлдвэрлэгч нар анхаарах ёстой” гэсэн бол гурил үйлдвэрлэгчдийн зүгээс дотоодын гурилын хэрэгцээгээ хангах боломжтой гэдгийг онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй