
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль ОХУ-ын Буриадын Бурдун сургалтын төвд 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургуулийн байлдааны буудлага, хаалтын ажиллагаа 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын талаас БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, сургуулийн удирдагч Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын талаас ОХУ-ын баатар, хошууч генерал В.А.Белявский, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн олон улсын асуудал эрхэлсэн туслах хурандаа И.С.Тараев, Буриадын удирдлага, иргэд олон нийтийн төлөөлөл болон хоёр орны цэргийн алба хаагчид оролцов.
Сургуулийн нэгдсэн байлдааны буудлагыг өмнөх жилүүдээс шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнээс гадна цэргийн нисгэгчид агаарт байлдааны ажиллагаа явуулж, шүхэрчин дайчид тусгай үүргийг гүйцэтгэснээрээ онцлог болж чадсан юм. Энэ жилийн сургуулийг сургалтад түшиглэсэн байдлаар буюу орчин үеийн дайн байлдааны туршлага сургамжид үндэслэн жижиг бүлгийн тактикийн 14 хичээлийн цэгт сургалт бэлтгэлд хамруулж, хамтарсан дадлагыг 3 удаа явуулж, төгсгөлд нь байлдааны нэгдсэн буудлагыг амжилттай зохион байгуулж, хоёр орны цэргийн багийн зэвсэглэл, техникийн ёслолын жагсаал боллоо.
Сургуулийн хаалтын ажиллагааны үеэр БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа хэлсэн үгэндээ жилээс жилд хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөлт илүү өргөн цар хүрээтэй болж, хамрах хүрээ, оролцох бүрэлдэхүүний тоо улам бүр өсөн нэмэгдэж нэр хүнд, ач холбогдол, зохион байгуулалтын хувьд ахиц дэвшил гарч буйг онцлон тэмдэглэж, энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулахын төлөө бүх талын хангалтыг зохион байгуулсан ОХУ-ын Дорнод цэргийн тойрог, 36 дугаар армийн удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ. Мөн тэрээр хоёр орны дайчин нөхөрлөлийн алтан гагнаас болсон энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулж, сургуулийн удирдагчаар ажилласан бригадын генерал Ц.Буяндэлгэр, хошууч генерал В.А.Белявский нарт тусгайлан баяр хүргэлээ.
Сургуулийн удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр “Зэвсэгт хүчний анги, салбаруудын харилцан ажиллагааг хангаж, төрлийн цэргүүд, түүний дотор цэргийн нисэх хүчин, тусгай хүчний цэргийн үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлснээрээ өндөр үр дүнтэй сургууль болсныг тэмдэглэж, хээрийн сургуулийн байрлалын районыг байнгийн байрлал мэт ая тухтай төхөөрөмжилж, биднийг санаа зовох зүйлгүй сургалт бэлтгэлдээ л төвлөрөх боломжийг бүрдүүлж ажилласан элгэмсэг дотно дайчин нөхдөдөө баярлалаа гэв. Сургуулийн явцад сэтгэл зүй, соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээг бид хамтдаа зохион байгуулж, өнө мөнхийн хөрш орны цэрэг эрсийн нөхөрлөлийг уралдаан тэмцээн, соёл уламжлалаар дамжуулан улам бэхжүүлсэн нь энэ сургуулийн онцлох үйл явдлын нэг гэдгийг ч мөн тэрээр хэлсэн үгэндээ дурдав.
Үүний дараа хоёр орны хээрийн сургуулийн батальон захирагч нар болох хошууч С.Даваагомбо, дэд хурандаа Р.Тукаев “Сэлэнгэ”-ийн тугийг буулгаж, Монгол Улсын талд хүлээлгэн өгөв. Энэ нь 2026 онд тус сургуулийг Монгол Улсад зохион байгуулах буухиаг илэрхийлж буй ажээ.
Төгсгөлд нь туршлага хуримтлуулж, чадвар тэлсэн “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд амжилттай оролцсон Монгол, Орос дайчид “Сэлэнгэ” болон “Олон улсын цэргийн нөхөрлөл” медалиар шагнагдаж, ёслолын жагсаалаар алхлаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
“Сэлэнгэ-2025” хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө | ||
Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.