
Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ц.Уранцэцэгийг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Таны ажил мэргэжлийн талаар яриагаа эхэлье?
-Би Улаанбаатар төмөр замын сургуульд нэлээд хожуу буюу 2013 онд оюутан болж суралцсан. Аравдугаар ангиа төгсөөд шууд ажил хийсэн учраас хожуу сурсан. Төмөр замын мэргэжлээр суралцах сонирхолтой байсан учраас УБТЗ-ын Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн нэг жилийн ангид амжилттай суралцаж төгсөөд, 2014 онд шууд ажилд орсон. Ажилд орсон анхны мэдрэмж үнэхээр гоё байсан. Гоё дүрэмт хувцас өмсөөд олонтой ажиллах үнэхээр сайхан байдаг. Энэ мэргэжлийг сонирхож, дурлаж суралцсан учраас үнэхээр сэтгэл хангуулна байдаг юм. Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний үйлчлэгчээр 11 жил ажиллаж байна.
Энэ хугацаанд олон нийтийн үйл ажиллагаанд маш оролцож, Вагон депогийнхоо нэрийг ч гаргаж явдаг. Явган аяллын тэмцээнд жил бүр оролцдог. Мөн урлаг, уран сайхны тэмцээн уралдаанд тогтмол оролцдог. Нийгмийн идэвхтэй хүн шүү./инээв/ Улаанбаатар төмөр замаараа маш их бахархдаг.
Үеийнхнээс нэлээд хожуу оюутан болсон гэж байна. Оюутан болоод суралцахад ямар байв?
-Оюутны ангийнхан дундаа хамгийн ахмад нь байсан. Бусад оюутнууд дөрвөн жил суралцаж төгсөж байхад би нэг жил суралцаж төгссөн. Нэг жилийн хугацаа маш хурдан өнгөрсөн. Жилийн хугацаанд хүүхдүүдийг төгс мэргэжил эзэмшүүлж, ажлын байранд гарахад бэлэн болгоно гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Нэг жилийн хугацаанд маш их зүйлийг сурч мэдсэн.
-Сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад ямар байсан бэ. Олон нийттэй харьцдаг ажил учраас хүндрэлтэй зүйл байсан уу?
-Анхны ажлын гараагаа “Улаанбаатар-Сүхбаатар” чиглэлийн галт тэргэнд үйлчлэгчээр ажиллаж байсан. Анх ажилд гарахдаа бригад ахалж явж байгаа даргаасаа зааварчилгаа авч, бие дааж ажиллах мэдрэмж үнэхээр гоё байсан. Дөрвөн хоног галт тэргэнд ажиллахад хамт ажиллаж байгаа хамтарч маш чухал. Дөрвөн хоног явах цаг хугацааг 40 хоног явж байгаа шиг мэдрэмж төрүүлдэг хүмүүс ч байдаг. Ер нь бол ажлын хамтрагч хамгийн чухал. Дөрвөн хоногийн хугацаанд хамт ажиллаж байгаа хүнтэйгээ ярилцаж, алдаа гаргахгүй, зорчигчдынхоо тав тухтай байдлыг хангаж ажиллах нь бидний гол зорилго. Олон хүнтэй харьцаж ажиллахад хүндрэлтэй. Гэхдээ хувь хүний өөрийнхөн харилцаа хандлага хамгийн чухал.
-Гоё хувцсаар төсөөлж мэргэжлээ сонгох. Яг халуун талбарт нь ажиллах хоёрын дунд маш том ялгаа байдаг байх?
-Миний эмээ, ээжийн талын хамаатнууд ихэнх нь төмөр замчид. Төмөр замын ажлын ямар хүнд гэдгийг би маш сайн мэддэг. Зарим хүүхдүүд вагоны үйлчлэгчийн хувцас гоё харагддаг учраас энэ мэргэжлийг сонгосон гэдэг. Энэ ажил зүгээр нэг тасалбар шалгаж оруулдаг гэсэн ойлголттой байдаг. Вагоны үйлчлэгч 13 мэргэжил эзэмшсэнтэй дүйцдэг. Тухайлбал, галч, үйлчлэгч, сэтгэлзүй, асрагч гэх мэт. Галт тэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зорчигчдынхоо тав тухтай байдлыг хангаж ажилладаг учраас шинээр ажиллаж орж байгаа хүмүүс шантрах тохиолдол байдаг.
-Залуу хүний шантрах үе гардаг л байх?
-Энэ олон жил ажиллах хугацаанд нэг их шантарч байгаагүй. Галт тэрэгний үйлчлэгчээр ажиллахад ажлын хамтарч хамгийн чухал байдаг. Ажлын хамтрагчидтайгаа удаан хамт ажиллаад нэгнийхээ алдаа оноог мэддэг болчихоор ямар нэгэн асуудал гарахгүй. Харин хамтарч солигдоод нэгнийгээ ойлгохгүй ажиллахад хүндрэлтэй. Энэ үед шантрах мэдрэмж төрдөг шүү. Мөн өвлийн нөхцөлд галлагаа хийдэг учраас хэцүү. Галт тэргээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч янз бүрийн сэтгэлзүйтэй орж ирдэг. Тэр хүний сэтгэлзүйг вагоны үйлчлэгчид л таатай болгодог.
Та сайхан аялаарай, та аюулгүй байдлаа сайн хангаж яваарай гэж тухайн зорчигчдод таатай мэдрэмж төрүүлэх хэрэгтэй. Харин шинээр ажиллаж байгаа залуучууд зорчигчидтойгоо үл ойлголцох асуудал гаргадаг. Дөрвөн хоног галт тэргэнд ажиллана гэдэг бол асар их хугацаа.
-Яагаад дөрвөн хоног явдаг юм бэ?
-Аялах чиглэлээс хамаарч янз бүр байдаг. Бидний хувьд дөрвөн хоног явахдаа вагондоо байрлаж явдаг. Зорчигчдод биднийг вагондоо байрлаж явдаг гэдгийг тэр бүр мэддэггүй юм шиг байна лээ. Бидний хувьд дөрвөн хоногт вагоноосоо гарахгүй явдаг. Тухайлбал, Миний хувьд “Улаанбаатар-Зам-Үүд”-ийн чиглэлийн галт тэргэнд ажилладаг. Энэ чиглэл явахдаа замдаа нэг хонодог. Нэг галт тэргэнд хоёр үйлчлэгч явдаг бөгөөд 12 цагаар ээлжилж ажилладаг. Эргэлтийн өртөө гэж явдаг учраас Улаанбаатар хот-Зам-Үүд рүү яваад буцаж ирээд буцаж явдаг учраас дөрвөн хоног ажилладаг. Дөрвөн хоног амардаг. Гэхдээ олон улсын чиглэл, орон нутгийн чиглэлийн хоног өөр өөр байдаг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг бэ?
-Дөрвөн хоног аялж ирээд дөрвөн хоног амардаг. Амарч байгаа дөрвөн хоногоор ууланд алхдаг. Мөн гэр бүл, үр хүүхдүүдээ цаг зав гаргадаг. Ер амарч байгаа хугацаандаа аль болох үр дүнтэй байхыг боддог.
-Зорчигчдоос талархлын үг хэр их сонсдог вэ?
-Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод, галт тэрэгний үйлчлэгчээр 11 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд олон хүнээс талархал, урмын үгийг байнга сонсдог. Манайд зорчигчдын санал хүсэлтийн дэвтэр гэж байдаг. Тэр дэвтэр дээр зорчигчид вагоноо үйлчлэгчдийг магтаж, талархлын үг бичдэг. Түүнээс бид их урам зориг авдаг. Зорчигчид буухдаа “Баярлалаа, сайхан аяллаа” гэдэг үгнээс их эрч хүч, энерги авдаг байгаа. Нэг вагонд нийтдээ 36 зорчигч аялдаг.
-Зорчигчдийн тоо цөөрч байна уу?
-Зорчигчийн тоо цөөрнө гэж байхгүй. “Улаанбаатар -Зам-Үүд”-ийн чиглэлд 27 галт тэрэг аялдаг. Зорчигч маш их явдаг. Нийтийн вагонд 81 зорчигчтой явдаг. Харин унтлагын вагон 54 зорчигчидтой, Купи вагон 36 зорчигчидтой явдаг байгаа. Долоо, наймдугаар сард зорчигчдын тоо эрс нэмэгддэг.
-Зорчигчид соёлтой, боловсон үйлчлүүлж сурсан биз дээ?
-Одоо зорчигч нар үнэхээр соёлтой болсон. Ерөнхийдөө тухайн хүний харилцаа хандлагаас бүх зүйл бий болдог.
-Төмөр замчин болоогүй бол. Ямар мэргэжилтэй болох байсан бэ?
-Би багаасаа онгоцны үйлчлэгч болох мөрөөдөлтэй байсан. Даан ч намхан учраас вагоны үйлчлэгч болсон. /Инээв/
Өндөр нуруутай байсан бол онгоцны үйлчлэгч болох л байсан.
Хүүхэд насны дурсамжаа хуваалцахгүй юу. Хаана төрж өссөн бэ?
-Би Сэлэнгэ аймагт төрсөн. 1995 онд Дархан-Уул аймагт “Од” цогцолборт нэгдүгээр ангид элсэж суралцсан. Амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод шилжиж ирээд 87 дугаар сургуульд сурч байгаад буцаж Дархан-Уул аймаг руу шилжиж очоод 16 дугаар сургууль орж суралцаж, 10 дугаар ангиа төгссөн. Энэ хугацаанд гурван сургууль руу шилжсэн. Хамгийн гоё мэдрэмж төрүүлж байсан анги бол 2005 онд О.Нарантуяа багш 10В ангийн хамт олон байгаа. Ер нь хүүхэд нас бусад хүүхдийн адилхан өнгөрсөн дөө.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын хоёр дахь хүүхэд. Эгч, эрэгтэй дүүтэй. Дүүгээ төмөр замчин болгох гээд чадаагүй. Хүнийг сонирхлын дагуу сургах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн дээ. /Инээв/
-Найз нөхөд болон нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Найз нөхөд маш үнэ цэнтэй. Муу хамаатнаас сайн найз гэдэг шүү дээ. Би олон найзтай. Хүнтэй хэрэгтэй үед найз, нөхөрлөөд хэрэггүй үед хаядаг байж болохгүй. Найз нөхөд ямар ч үед нэгэндээ түшиг тулгуур болдог байх ёстой.
-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай нийгэмд гэр бүл төлөвлөлт маш чухал. Хамт амьдарна гээд гэр бүл зохиосон бол аль аль нь хариуцлагатай байх ёстой. Манайх ам бүл дөрөв. Гэр бүлийн хүнийг Ц. Мэндбаяр гэдэг. Би 22 настайдаа ээж болж байлаа. Хүү, охин хоёртой. Манай хүн хувиараа бизнес эрхэлдэг. Хань минь миний ажил мэргэжлийг маш их хүндэлж, намайг байнга дэмждэг. Би одооо инженерээ сурч байгаа. Ханийгаа дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байна даа.
-Гэр бүлийн хүнтэйгээ хэрхэн танилцаж байсан бэ?
-Би арван жилийн сургуулиа төгсөөд шөнийн клубт зөөгч хийдэг байсан. Нөхөр бид хоёр хамт нэг газар зөөгч хийдэг байсан. Тэгээд танилцаад найзалж, нөхөрлөөд гэр болсон. Тухайн ажиллаж байсан байгууллагынхаа анхны хос нь болж байлаа.
-Инженерээ сурч байгаа гэж байна. Одоо хэдэн жил сурах бэ?
-Сурахад нас оройтохгүй гэж боддог. Хоёр жил сураад төгссөн. Би ажлаа хийнгээ сурч байгаа. Манай байгууллага мэргэжлээ дээшлүүлж сурах сонирхолтой хүмүүсээ маш их дэмжиж, сурах боломжоор хангаж цалинтай чөлөө өгдөг. Энэ үнэхээр их дэмжлэг болдог.
-Ойрын хугацаанд өөртөө тавьсан ямар зорилго байгаа вэ?
-Инженерээр амжилттай суралцах төгсөөд удирдах албан тушаалд ажиллах зорилго тавьж байгаа. Энэ ажил мэргэжилдээ дуртай учраас энэ чиглэлээр илүү сайн ажиллах бодолтой байна.
-Ярилцсан танд баярлалаа
Ц.Уранцэцэг: Вагоны үйлчлэгч 13 мэргэжил эзэмшсэнтэй дүйцдэг | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.