Шууд Chart

Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг

2021-09-28 12:20:44

Бүрэнхийн идэвхтэй амьтан тул сарьсан багваахайн нүд тун сайн байх гэж олон хүн боддог. Гэтэл энэ амьтан нүднээсээ илүү чихэндээ итгэдэг байна. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг нь шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисч, идэш тэжээлээ төвөггүй олдог ажээ. Тэрээр өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ орчноо баримжаалдаг байна. Хэт нам дуу авиа гэдэг нь нэг үгээр хэлбэл цуурай гэсэн үг. Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиаг хүн энгийн мэдрэхүйгээрээ сонсох боломжгүй. Энэхүү авиа нь орчны биетүүд, амьтан, ургамал, хорхой шавьж зэргийн талаарх бүх мэдээллийг эзэндээ дамжуулдаг байна. Тэгэхээр “царай муут”-ын хоёр чих түүний найдвартай зэвсэг болдог гэсэн үг. Үүнийхээ ачаар тэд эсрэг хүйстнээ ч төвөггүй олж авна.

Сарьсан багваахай нь сүргээр амьдардаг амьтан. Үржил нь тун өвөрмөц. Намар орой ороо нийллэгт орно. Энэ үед эр сарьсан багваахайн өндгөн эс эмийнхээ бэлгийн эстэй нийлж үр тогтдог ч тэр нь эмэгчнийхээ биед өвөл, хаврын турш хадгалагддаг байна. Ингээд хойтон жилийнх нь зун зургаа, долоодугаар сарын үед эмэгчин сарьсан багваахай төллөж, нэгээс хоёр амьд зулзага гаргадаг. Зулзага нь үс хөрсгүй улаан нялзрай амьтан гардаг ч тун хурдан буюу ердөө л гурван долоо хоногийн дотор бүрэн бойжиж нисэх чадвартай болдог байна. Ийм хурдан торнидгийн нууц нь эхийнхээ сүүг хөхдөгт байж ч мэднэ.

Гар далавчитны багт ганцаараа багтдаг энэ амьтан хуурай газрын хамгийн өвөрмөц хөхтөнд зүй ёсоор тооцогддог. Үржлийн бүдүүлэг гэмээр хэлбэр, бусдаас ялгарах онцлог сэлт нь энэхүү амьтныг нэлээд эрт цагт үүссэний илрэл гэж эрдэмтэд үздэг. Судлаачид энэ амьтныг кайнозойн эриний палеоцений галавт, өөрөөр хэлбэл 70 сая жилийн өмнө үүссэн гэж тогтоосон юм билээ. 

Харин тухайн бодгалийн хувьд сарьсан багваахайн нас дунджаар 15-20 орчим жил. Манай зарим эрдэмтэн Хар ус нуурын орчимд сарьсан багваахайд бөгж зүүн судалгаа хийхэд хамгийн удаан амьдарсан нь 20 насалсан байжээ. Харин Сибирээс 49 насалсан сарьсан багваахай олдож байсан гэдэг. Сарьсан багваахай тогтсон үүр сууц бариад байдаггүй.

Сарьсан багваахай шувуутай адил үүр засдаггүй учраас агуй, модны хөндий юм уу зарим шувуу, хэрэмний зассан үүр, эсхүл хүний бүтээн байгуулсан элдэв төрлийн барилга байгууламжид орогнодог. Тухайн орогнох газарт ямар нэгэн өвс ургамал, ноохой гэх мэт зүйл байдаггүй бөгөөд хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны сарьсан багваахайн ихэх нь дулаан орон руу нүүж цөөнх нь өвлийн улиралд ичээлж үлдэнэ. 

Сарьсан багваахай нь шөнөөр нисдэг шумуул, хүр эрвээхэй зэрэг шавжны тоо толгойг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай нэг цагийн дотор 1000 ширхэг шумуулын хэрийн биетэй шавжийг барьж иддэг.

Сарьсан багваахай нь галзуу, эбола, маргбург, хантавирус, коронавирус, ласса чичрэг зэрэг өвчний вирусыг дамжуулж халдварт өвчин үүсгэх магадлалтай. 

Тухайлбал, багваахай шөнийн идэвхтэй амьтан тул өдрийн цагаар унтаж байх үед нь гэнэт сэрээх, үргээхэд цочиж биеэ хамгаалах зорилгоор чанга дуу чимээ гаргах, далавчаа хүчтэй дэвэн дайрах, урд мөч болох хурц сарвуугаа ашиглан урах, маажих, цаашлаад хазаж гэмтээх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв хазсан тохиолдолд дээрх өвчний халдвартай сарьсан багваахайн шүлс, шингэн хүний биеийн цусанд орж өвчин үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг. 


Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг   
Үзсэн: 2217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-18 12:50
манай гэрт сарьсан багваахай орж ирж байж билээ
Зочин [127.0.0.xxx] 2023-12-21 09:27
Баярлалаа танд өшөө зөндөө мэдээлэл бичиж өгөөрэй

Бидэнтэй нэгдээрэй