
Дэлхийн Энх тайвны өдрийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол” эрдэм шинжилгээний хурал боллоо.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1981 онд жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг дэлхийн даяар Энх тайвны өдөр болгон тэмдэглэхээр зарлаж, дэлхий нийтэд хүний эрх, тэгш байдал, шударга ёс, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхийн нийтээр гал зогсоож, хүчирхийллээс татгалзах өдөр болгон тэмдэглэхийг Ассамблей мэдэгдээд, энэ өдрийн турш бүх улс, ард түмэнд байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. НҮБ-ын гишүүн бүх улс, тус байгууллагын системийн байгууллагууд, бүс нутгийн болон засгийн газрын бус байгууллагууд болон хувь хүмүүс Олон улсын энх тайвны өдрийг зохих хэлбэрээр, тодруулбал даян дэлхийд гал зогсоохын тулд НҮБ-тай хамтран ажиллах, нийгмийг гэгээрүүлэх, мэдээллээр хангах замаар тэмдэглэхийг Ассамблей уриалсан байна.
Энэ жилийн Дэлхийн Энх тайвны өдрийн өдрийг ЮНЕСКО-оос “Амар тайван дэлхийг үйлдлээрээ бүтээе” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран Дэлхийн Энх тайвны өдрийг хамтран тэмдэглэж, “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хуралд 100 орчим эрдэмтэн судлаачид энх тайвны сэдвээр 22 илтгэл хэлэлцүүллээ. Бид ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянгаас хурлын ач холбогдлыг асууж сонирхсон юм.
С.Уянга: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО Дэлхийн II дайны дараа боловсрол, соёл, шинжлэх ухаанаар дамжуулан дэлхий дахинд энх тайвныг тогтоох зорилготойгоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа энх тайвныг түгээн дэлгэрүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр цаг уурын дулаарал, зөрчил мөргөлдөөн гээд дэлхий дахинд тулгамдсан маш олон асуудал, сорилт байна. Иймдээ ч энэ жил бүгдээрээ үйлдлээрээ энх тайвныг дэлхий нийтэд түгээе гэсэн уриан дор тэмдэглэж байна. Хүн бүхэн энх тайвныг бий болгохын төлөө, амар амгалан дэлхийг бий болгохын төлөө үйлдэл хийгээсэй гэсэндээ ШУА-ийн Философийн хүрээнэлнтэй хамтран энэ хурлыг зохион байгуулж байна.
Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд болж байгаа мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөний талаар өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэх болсон нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал билээ. Манай улс Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг хангахад гар бие оролцож байгаагийн нэг жишээ нь “Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээ”-нд 2022 оны гуравдугаар сарын 10-нд албан ёсоор нэгдсэнээр уг гэрээнд нэгдэн орсон 57 дахь улс болжээ. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршиж буй юм. Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдалд өөрийн хувь нэмрээ оруулж “Pax Mongolica” буюу “Монголын энх тайван” үзэл санааг тэртээ XIII зуунаас гаргаж ирсэн тухай ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн ярьж байлаа.
Б. Пүрэвсүрэн: Жил бүрийн 9-р сарын 21-нд Дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэнэ өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ удаад ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос бидэнд санал тавьсны дагуу ШУА-ийн Философийн хүрээлэн хамтраад энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Бид энх тайвны тухай асуудлыг янз бүрийн түвшинд тухайлбал утга зохиол мөн хөдөлгөөн гэх зэрэг байдлаар янз бүрээр авч үзэж байсан боловч эрдэм шинжилгээний хурлын үүднээс онолын, үзэл баримтлалын үүднээс авч үзэж байсан тохиолдол харьцангуй цөөхөн юм болов уу гэж бодож байна. Бидний хувьд энэхүү хурлын нэрийг сонгохдоо хүн төрөлхтөн үеийн үед энх тайвныг мөрөөдөж тэмүүлж ирсэн боловч түүнийг яг хэрэгжүүлэх, биелүүлэх талаар хэрхэн яаж анхаарч ирж байсан бэ? гэдэг асуудалд түлхүү анхаарсан. Ялангуяа, хүн төрөлхтөн ямар ч шашин, соёл, түүх, угсаа гарвалтай байснаас үл хамааран нэг цаг хугацаанд зэрэгцээ байдлаар мөр зэрэгцэн оршиж байдаг. Тийм учраас бие биенээ үгүйсгэхгүйгээр, яавал амгалан тайван эх дэлхий, энэ ертөнцийг бүтээх вэ гэдэг үүднээс энэ асуудлыг авч үзсэн юм. Тийм учраас Монголын түүхэнд амар амгаланг хэрхэн яаж авч үзэж байсан, түүнийг “тэнгэрийн” үзэлтэй яаж холбох уу? Мөн уламжлалаараа бид нар энэ дотоод сэтгэлээ хэрхэн амар тайван байлгах вэ? гэдгийг Буддын шашны онолын үүднээс авч үзэх вэ? Мөн хүн төрөлхтөн дайтана гэдэг нь зэр зэвсгийн тулаан байсан цаг үе байсан бол өнөөдөр тэр үе өөр болсон байна. Хүн төрөлхтний хоорондын дотоод тэмцэл мөргөлдөөн эцсийн эцэст мөнгө, зэвсэг, эд баялаг, эрх мэдлээс гадна худалдааны дайн гэж юу болох талаар хүртэл эдийн засаг, улс төрийн үүднээс асуудлуудыг хөндөж авч үзсэнээрээ энэ удаагийн хурал олон талтай, өвөрмөц болж байгаа гэж би хувьдаа бодож байна. Илтгэлүүд бүгд л шашин онолын үүднээс, эдийн засгийн үүднээс, философийн үүднээс, социол асуудлын үүднээс, улс төр геополитикийн үүднээс өөр өөрийн өнцгөөс ярьж байна. Та бүхний мэдэж байгаачлан, ЮНЕСКО, НҮБ-ын анхаардаг тэргүүлэх чиглэлийн эгнээнд аюулгүй байдал буюу security гэдэг сэдэв байдаг. Энэ аюулгүй байдал сэдвийг өнөө цагт хүн төрөлхтөн, шинжлэх ухааны төрөл болгон энэхүү сэдвийг өөр өөрсдийн өнцгөөс авч судалдаг. Аюулгүй байдал гэдэг бол зөвхөн цэрэг дайны батлан хамгаалахын сэдэв байхаа болиод удаж байна. Энэ бол оюун санааны аюулгүй байдал, шашны тэр дундаа сэтгэлийн амар амгалан төлөв байдлыг эрэлхийлж байгаа явдал бол хүн төрөлхтний хамгийн чухал зүйлүүдийн нэг. Тийм ч учраас, яавал хүчирхийлэлгүй энэ дэлхийг бүтээх вэ талаар Махатма Гандигийн сургаал гэх зэрэг бусад олон үзэл санааг өнөөдөр энд ярьж байна. Хүн төрөлхтөн хэдийгээр үргэлж сайн сайхныг ерөөж, хүсэж байдаг боловч бодит байдал дээр тийм биш байдаг гэдгийг хүн төрөлхтний түүх харуулж байна. Тийм учраас улс болгон хоорондоо, иргэншил хоорондын мөргөлдөөн, худалдааны мөргөлдөөн, үнэт зүйлсийн мөргөлдөөн гэх олон олон мөргөлдөөнд цаг ямагт орж байгаа нь биднийг төвөгтэй байдалд оруулж байна. Бидний хүсэмжит гол зүйл энх тайвантай мөр зэрэгцэн орших учраас өнөөдрийн хурлаа ийнхүү нэрлэсэн учиртай юм. Монгол улс хүн амын тоогоороо бага, хөгжиж буй улс мэт боловч оюун санааны багтаамжаараа бол жижиг орон хэмээн хэлэгдэхгүй байгаасай гэж би боддог. Учир нь том агуулгаараа аваад үзэхэд Монгол улс Даян Дэлхийд “Факс Монголиа” амар амгаланг тогтоох үйлдлийг хийсэн, түүхэн утгаараа бол хөрш зэргэлдээ хоёр улсаа бий болгож өгсөн түүхтэй хэмээн хоёр хөрш улс маань үздэг. Ерөнхийдөө Монголчууд даян дэлхийд энх тайвныг түгээх үйлсэд Их Монгол улсыг байгуулсан үеэсээ том хувь нэмрээ оруулсан гэж түүхчид үздэг. Түүний хамгийн гол утга нь бусад улс үндэстнүүдийн соёл, үнэт зүйлсийг үгүйсгэхгүйгээр мөр зэрэгцэн орших нөхцлийг одоогийн Хархоринд анхлан бий болгосон гэдгийг археологийн судалгаагаар өдөр ирэх тусам батлаж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр, бусдыг үгүйсгэхгүйгээр хүний эрхэм чанарыг хамгийн өндөрт тавьж байсан ард түмэн буюу үндэстэн нь Монгол юм гэж би ойлгодог. Бидний уламжлалт шашин шүтлэг, монголчуудын дийлэнх шүтдэг Буддын шашин болоод бусад хөлгөн сударт ч дайсныг дайсагнаж дардаггүй, дайсныг сэтгэлийн амар амгаланг бий болгож, харилцан нөгөө хүнээ хүлээн зөвшөөрч байж дардаг ийм эртний гүн ухаан монголчууд дунд гүн бат оршиж байсан гэдгийг хэлмээр байна. Тийм учраас хүчирхийлэл хүчирхийллээ л дагуулдаг болохоос хүчирхийлэл хэзээ ч энх тайван дагуулдаггүй нь хүн хоорондын харилцаа, улс хоорондын харилцаан дээр мөн үндэстэн хооронд ч харагдаж байдаг гэж хэлмээр байна.
Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн алба хаагчид дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах НҮБ-ын үйл хэрэгт 2002 оноос идэвхтэй оролцож байна. Эдүгээ, Монгол Улсын энхийг сахиулагчид Өмнөд Судан, Афганистан, Судан улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг зэвсэгт мөргөлдөөний халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг орны нэг билээ.
Бригадын генерал, доктор Ч. Сосорбарам Монгол Улсын Батлан хамгаалах бодлого Энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн хэрэгжиж ирсэн тухай “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол” эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Ч. Сосорбарам: Батлан хамгаалах бодлого бол улс төр, дипломатын аргыг хослуулдаг. Энэ дотроо энхийг сахиулна, дараа нь бүх ард түмнийхээ оролцоонд тулгуурлана. Өөрөөр хэлбэл, орон нутгын хамгаалалт. Гуравдугаарт чадварлаг зэвсэгт хүчинтэй, мэргэжлийн цэрэгтэй болно гэдэг гурван үндсэн зорилго тавьдаг. Тавьсаар ч ирсэн. Одоо манайх 4 дэх цэргийн номлолоо амжилттай хэрэгжүүлээд явж байна. Ялангуяа энхийг сахиулах талаар батлан хамгаалах бодлогод тавигдсан зорилт зорилгууд амьдрал, практикт амжилттай хэрэгжиж байгаа юм. 22000 цэргийн албан хаагч гурван тивд 10 улсад үүрэг гүйцэтгэж байна гэдэг нь энэ зорилго зорилт сайн хэрэгжиж байгаагийн илрэл юм. Ялангуяа, НҮБ болон олон улсын байгууллагуудын хүсэлтээр бид эмэгтэй цэргийн албан хаагчдыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах талаар сүүлийн үед анхаарсан. Эмэгтэй энхийг сахиулагчдын тоо 1200 хүрээд байна. Тэгэхээр дэлхий дахинд энх тайвныг тогтоох үйл хэрэгт зэвсэгт хүчин маань өөрийнхөө үүргийг биелүүлж байна. Зэвсэгт хүчин төдийгүй төрийн цэргийн байгууллагууд хамт оролцож байгааг хэлэх ёстой гэж бодож байна.
Агуу их зураач, соёлын зүтгэлтэн Н.К.Рерих соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай олон улсын анхны гэрээг байгуулахад гүйцэтгэсэн. НҮБ-ын тунхаглал болтлоо хөгжсөн “Рерихийн тунхаглал” нь дэлхийн соёлыг хамгаалж, энхийг дэлгэрүүлэх хөдөлгөөнд татан оруулж чадсан билээ. Дэлхийд цуутай агуу их зураач, гүн ухаантны хувьд тэрээр хүн төрөлхтний соёлыг хамгаалан хөгжүүлэхгүйгээр цаашдын хувьсал боломжгүй гэдэгт итгэл дүүрэн байсан юм. Азийн түүхийг, түүний дотор Монголын түүхийг судлахад онцгой байр суурь эзэлдэг Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн үеэр Азийн бага судлагдсан бүс нутагт археологийн болон угсаатны зүйн судалгаа хийсэн байдаг. Түүний судалгаа Монгол судлалыг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн доктор, профессор М.Гантуяа “Рерихийн тунхаглал ба түүний дэлхий дахин болон Монгол Улсад дахь өнөөгийн түүхэн нөхцөлд үзүүлэх ач холбогдол” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Одоо түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
М.Гантуяа: Хязгааргүй орчлон ертөнц түүний хөгжил хүний оюун ухааны хөгжилтэй салшгүй холбоотой юм. Байгаль дэлхий, орчин ертөнцийн жамаар хүний оюун ухаан хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс хүн төрөлхтний хамгийн гайхамшиг нь оюун ухааны бүтээл юм. Хүн төрөлхтний оюун ухааны бүтээлийг хадгалж хамгаална гэдэг бол хүний оюун ухаан цаашид хөгжих, оршин тогтнох гол үндэс нь болдог. Ялангуяа дайнтай, зөрчилтэй үед соёлын өвийг хадгалах хамгаалахыг уриалсан энхийн тунхаг бичгийг гаргах санаачлагыг Дэлхийн I дайны дараа буюу 1929 онд гаргаж ирсэн. Улмаар 1935 онд Өмнөд, Хойд Америкийн 21 улс дэмжиж баталсан. Дараа нь Дэлхийн II дайны дараа хүн төрөлхтний оюуны соёлын бүтээлийг хадгалж үлдэх асуудал чухлаар тавигдаж 1954 оны Гаагийн гэрээгээр энэ тунхаглалын дахин баталсан. Өнөөдөр дэлхий дахин үймээн тэмцэл үүсэж байгаа энэ үед соёлын өвийг хадгалах, хамгаалах асуудал дахин чухлаар тавигдаж байна. Монголчууд бид Рерихийг соёлын элч гэж хүндэтгэж ирсэн. Монголчууд эртнээс өвлөж ирсэн нүүдлийн соёлтой, нүүдлийн соёлын хүрээнд бий болсон тэнгэр шүтлэг, Буддийн гүн ухааны шүтэн барилдлага, энх тайван буюу амар амгаланг дээдэлж явдаг, төвийг сахьсан үзэл баримтлалтай. Иймд соёлын өвөө хайрлан хамгаалах асуудал өнөө ч чухал байна. 1990 оноос манай нийгэм социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн. Энэ цаг үед өмнөх нийгмийнхээ, өвөг дээдсийнхээ хийсэн бүтээсэн бүтээл, хөшөө дурсгал, барилга байгууламжуудыг хадгалж авч үлдэх нь чухал байна. Бүтээлийг хадгалж хамгаална гэдэг нь ерөөсөө хүн төрөлхний түүх, оюуны өвийг хамгаалж, хадгалж байна гэсэн үг юм.
1954 онд АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн 60 гаруй орны хүүхдүүдийн хандивласан зоосон мөнгөөр "Энх тайвны хонх"-ыг бүтээж дуугаргасан түүхтэй. НҮБ-ын төв байранд орших синтоистуудын сүмийг санагдуулам агар модоор хийсэн япон байгууламжид байрлуулсан энэхүү хонхыг жилд хоёр удаа, хаврын эхний өдөр буюу хаврын өдөр шөнө тэнцэх өдөр, есдүгээр сарын 21-нд буюу Олон улсын энх тайвны өдөр дуугаргадаг байна. Хонхон дээр "Даян дэлхийд энх тайван мандтугай" гэж бичжээ. Энэ санааг дахин нотолж, мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, илүү аюулгүй бөгөөд илүү шударга энх тайвныг цогцлооход өөрийгөө зориулахад бэлэн байгаагаа мэдэгдэх гэж жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Монголчууд ч энхийн төлөөх энэ өдрийг ийнхүү жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.
Дэлхийн Энх тайвны өдрийг тэмдэглэлээ | ||
Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.