Шууд Chart

“Барсууд” хэзээ ч бууж өгөөгүй

2021-12-12 12:50:26

Тэднийг лигийн өмнө түрүүлэх магадлалтай багуудын нэг гэж зүй ёсоор тооцож байсан нь мэдээж. Гэвч тэмцээн эхлэхэд 2019 оны мөнгөн медальт багийн бүрэлдэхүүн багагүй өөрчлөгдсөн байлаа. Тухайн жил тоглож байсан бүрэлдэхүүнээс Япон улсын 2 легионер мөн Т.Доржнамжаа, Ч.Отгонбаяр, А.Мөнх-Эрдэнэ нарын 5 тоглогч гарсан байв. Тэдний 4 нь тогтмол гараанд тоглож байсан тамирчид байсан тул “Барсууд”-ын хувьд гарааны 70 орчим хувьд өөрчлөлт хийх шаардлага тулгарсан юм. Багт холбогч, чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглогч солигдоно гэдэг маш том өөрчлөлт дагуулдаг. Яагаад гэвэл бусад бүх тоглогчидтойгоо байнгын холбоо, хамааралтай байдаг энэ байрлалууд дээр давхар өөрчлөлт орсон нь Барсуудын хувьд гол эрсдэл байсан юм.

Улмаар залуучуудын багаас Б.Мөнхсайхан, М.Мөнхсайхан, Д.Нямдагва, Д.Шивээнцоо нарын тоглогчид шууд гарааны бүрэлдэхүүнд орж ирлээ. Гэтэл эхний тэмцээн нь “Дээд лиг”. Мэдээж амаргүй сорилт. Гараанд тоглуулсан гол шалтгаан нь тус клубт багаасаа тоглож, бэлтгэгдсэн тамирчид тул ах нартайгаа ойлголцох, гар нийлэх тал дээр илүү байсан болов уу.

Шинэ тоглогч багт ороход хувилбар ойлгох, хэмнэлд зохицох гээд олон асуудал гардаг. Тиймээс шинэ “Барсууд” болох спортын мастер А.Түвшинтөгөлдөр, Г.Ууганбаяр нар эхний 2 тойрогт сэлгээнээс тоглож байлаа. Харин 3-р тойргоос тогтмол гарааны бүрэлдэхүүнд гарч тун сайн тоглосон. Ингэснээр хоёр Мөнхсайхан сэлгээнд суух болов. Энэ нь ч хэрэгтэй зүйл. Яагаад гэвэл залуу тамирчдыг шахаж, илүү хичээх шалтгаан нь болж байв. Баг доторх өрсөлдөөн гэдэг хэзээд хэрэгтэй зүйл. Үргэлж ашигтай нөлөөтэй байдаг. Ард нь өдрөөс өдөрт өсөж яваа “асаалттай танкууд” байхад А.Түвшинтөгөлдөр, Г.Ууганбаяр нар ч бүх чадлаараа хичээхээс өөр сонголтгүй болж байсан биз.

Дотоод өрсөлдөөн байсан цагт л тухайн багт хөгжил байдаг. Тоглогчийн хөгжил гэдэг нь талбайд тоглоод туршлага сууж, техник ур чадвар нь нэмэгдэхээс тусдаа зүйл юм. А.Түвшинтөгөлдөр, Г.Ууганбаяр нар гараанд тоглосон 3-р тойрогт баг нь 10 оноо авч, ээлжийн хожил 13/11 байсан юм. Энэ нь өмнөх 2 тойргоос бүх талаараа давсан үзүүлэлт байлаа. Ингэснээр тэд тус багт яах гэж ирсэн гэдгээ харуулж, туршлага ур чадвараа ч баталсан юм.

Хэдий 2-р тойрогт хангалтгүй тоглосон ч сүүлийн тойрогт тэдэнд хагас шигшээд шалгарах боломж байсан. Гэсэн ч боломжтой оноонуудаа алдсанаар хагас шигшээд 4-р шалгарсан багаас 4 оноо хоцорч тэмцээнээс хасагдлаа. Сүүлийн тоглолтын дараа багийн довтлогч Б.Анхбаяртай богино хугацаанд ярилцахад “Өөрсдөөсөө болж л тэмцээнээс хасагдлаа” гээд огтхон ч шалтаг тоочихгүй байсан нь тун зөв хандлагатай тамирчин юм даа гэсэн бодол төрүүлж байв.

Лигийн тэмцээн тулгуу зарлагдаж, багуудад бэлдэх хугацаа бага байсан. Иймээс “Барсууд” шиг шинэчлэл их хийсэн багт бэлтгэл, тоглолтын явцад олон асуудал гарч байсан нь дамжиггүй. Баг шинэчлэгдэж, тоглогчид солигдох үед хамгийн хэрэгтэй байдаг зүйл бол мэдээж цаг хугацаа. Тоглолтын хувьд ч тэр, багийн дотоод уур амьсгал, харилцааны хувьд ч тэр хамгийн хэрэгтэй зүйл нь энэ.

Ямар ч ажил мэргэжлийн хүн том цохилтонд орсны дараа, уналтанд орсны дараа өөрийнхөө алдаа оноог олж хараад, засаж хөгжих боломжтой байдаг. Үүний адил 2019 оны лигт “Алтайн Барс Хилчин” баг шигшээ цувралд хожигдсоны дараа бүрэлдэхүүндээ эрс шинэчлэл хийж, зоригтой цус сэлбээсэй гэж бодож байлаа. Энэ багт UPDATE хэрэгтэй байсан уу гэвэл ТИЙМ. Гэхдээ аливаа шинэчлэл шууд үр дүнгээ өгдөггүй учраас мэдээж өнөөх ЦАГ ХУГАЦАА гээч л хамгийн чухал юм.

Тэмцээн эхлээд эхний тойрогт 3 хожиж, 3 хожигдлоо. “Боломжийн эхлэл. Залуу тамирчид нь гараанд тоглож байгаа тул яван чангарах болов уу” гэж харж байв. Гэтэл 1-р тойргийн сүүлийн тоглолтод чөлөөт хамгаалагч Д.Нямдагвын өвдөг гэмтэж, тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд 2-р тойрогт бүх зүйл эргэж, 1 хожин 5 хожигдсоноор 6-р байрт жагссан юм. Тойргийн 6 тоглолтод ердөө 4 ээлж хожсон нь тун хангалтгүй үзүүлэлт байв.

Нэг тоглогчийн гэмтэл яагаад ингэж ихээр нөлөөлөв?

“Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо” гэсэн үг байдаг. “Барсууд” шиг шилдэг довтлогчидтой, дайчин чанартай багийн хувьд хамгаалалтаа довтолгоогоороо нөхдөг нь тоглолтынх нь арга барил, давуу талуудынх нэг болдог. 2019 онд Япон тоглогч Шо Такахаши багийн хамгаалалтыг хариуцаж, маш сайн тоглосноор лигийн шилдэг болж байлаа. Д.Нямдагва тухайн жилийн лигт сэлгээнд байсан тул түүнээс бэлтгэл дээр ч, талбай дээр байхад нь ч ихийг харж, сурч авсан биз. Лиг эхлэхэд хэзээний лигийн тамирчин шиг л сайн тоглож байлаа. Гэмтлээс болж талбайд тоглохгүй болоход нь түүний орон зайг нөхөж чадахгүй байсан нь багийн гол асуудал болсон юм.

“Нэг л тоглогч шүү дээ. Бусад нь хамгаалдаггүй байсан юм уу” гэж бодож болох юм. Мэдээж хамгаалдаг байсан. Гэхдээ тэдэнд итгэл маш чухал. Эсрэг багийн давуулалт, довтолгооны үед арын бүсэд либеро тэргүүлэх үүрэгтэй. Харин довтлогчид туслах буюу 2-р үүрэгтэй. Учир нь тэдний ажил тусдаа. Тэгэхээр либеро тоглогчийн манлайлал энэ үед хамгийн хэрэгтэй байдаг. Дэргэд нь сайн хамгаалагч зогсож байхад довтлогчдын итгэл зориг ч дүүрэн байдаг нь тодорхой. Харин эсрэгээ тэр тоглогч нь байхгүй бол найдаж түших хүнгүй, айж бэргэх нь дамжиггүй. Гэхдээ хамгаалалтыг авч явах САЙН ХАМГААЛАГЧ гэж тусдаа байдаг. Бөмбөгийг алдаагүй сайн авч, сайн дамжуулдаг нь сайн либеро гэвэл дутуу ойлголт. Д.Нямдагва бол анхаарал, төвлөрөл сайтай дээрх чанар луу бага багаар ойртож яваа тоглогч. Мөн тухайн хамгаалагчаа дагаад, дэмжээд дэмэнд нь сайн явдаг тоглогч нь ч бас тусдаа бий. Хүн болгон сайн тоглогчийн дэргэд сайн тоглоод, хослоод байж чаддаггүй юм.

Ер нь харагдаж байгаа шигээ амар зүйл үгүй шүү дээ. Орчин үеийн волейболд тэргүүлэх арга барилуудын нэг нь хурд болсон. Иймээс цаг хомс хурдтай тоглолтод урд урдах үүргээ л сайн биелүүлэх нь гол зарчим байдаг. Энэ явцад шилжээд хөдлөөд олон зүйл өрнөөд байх хугацаа ч гардаггүй юм билээ. Жишээ нь хамгаалагчид давуулалтын бөмбөгөнд алдаа гаргах ямар ч эрхгүй болсон.

Багийн спортод нэг хүн сайн тоглоод баг нь амжилт олдоггүй. Гэхдээ энэ нь зоосны нэг л тал нь юм. Нөгөө тал нь дээрх жишээ буюу талбайд нэг л тоглогч тоглохгүй болоход, нэг л байрлалд алдаа дутагдал гарахад ямар их нөлөө гардаг вэ гэдгийг тодорхой харуулсан явдал байлаа.

Уншигч та “Энэ баг шинэ тоглогчид авсан юм байна. Шинэ залуучууд нь дороос орж ирсэн юм байна. Гол хамгаалагч нь гэмтсэн юм байна. Тэгвэл хэн багийн түшиг тулгуур болж явсан юм бэ?” гэж бодож байгаа байх. Хариулт нь мэдээж ОУХМ А.Мөнхбаяр тэргүүтэй лигийн мөнгөн медальтнууд.

А.МӨНХБАЯР - Улсын шигшээ багийг ахлан тоглож байсан тэрээр “Барсууд”-ын ахлагчийн үүргийг олон жил нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа билээ. Дээр дурдсан шинэ залуу тоглогчдыг ингэж өсөж хөгжин гарч ирэхэд ч гол үүрэгтэй байсан дасгалжуулагчдынх нь нэг. “Алтайн Барс Хилчин” багт хамгийн удаан хугацаанд тоглосон тамирчин тул энэ багийг түүнгүйгээр төсөөлөхөд ч бэрх болсон. Нэг ёсондоо энэ багийн сүр сүлд, сүргийн манлай нь <> юм. Талбайд ч, талбайн гадна ч түүний нөлөө, биеэ авч яваа байдал, бусадтай харилцах харилцаа, үлгэр дуурайл, манлайлал маш их байдаг. Багийн давуу чанаруудын нэг болсон САХИЛГА БАТ маш сайн байдагт ч түүний оролцоо дийлэнх хувь эзэлнэ.

Талбай дээрх тоглолт, статистик үзүүлэлтээр энэ лигт бусдаас онцгой сайн байсан зүйл байгаагүй. Гэхдээ сайн тоглогчдын нас явж карьер буурах хандлагатай болох үед өмнө нь оргил байсан үетэй нь харьцуулж, заавал тиймээрээ л байх ёстой юм шиг хардаг, ойлголт түгээмэл байдаг. Тэр бүр сайн тоглоод байгаагүй ч үүргээ биелүүлсээр байсан. “Форм нь байхгүй ч, Буйр нь хайчих вэ дээ” гэж тайлбарлахаар тоглож байлаа. Залуучуудтайгаа хамт талбайд гарч ойр байгаа хэрнээ хол мэт байдал ч анзаарагдаж байсан. Яг л 1 цаг 11 цаг зааж байгаа хоёр зүү шиг. Нас, туршлага, амжилт гээд олон зөрүү ялгаа байгаа ч тэр бүгдийг эвлүүлж, ойртуулж чадаж байсан юм.

Амьдрал дээр ч, спортод ч аливааг бодитоор харж чаддаг хүмүүс л хүнд нөхцөл байдалд ч өсөж, хөгжиж чаддаг. Барсуудын хамгийн магтууштай зүйл энэ байлаа. Шинэ залуу тоглогчдыг нээн гаргахаас эхлээд энэ лигээр тус багт гарсан өсөлт, дэвшилттэй зүйлсийг дурдвал цөөнгүй бий.

Б.АНХБАЯР - Энэ багийн талбай дээрх шилдэг нь Б.Анхбаяр гэдэгтэй маргах хүн үгүй биз. Багийн ахлагч А.Мөнхбаяр ч түүнийг бүрэн хүлээн зөвшөөрч талбай дээрх бүх эрх мэдлийг нь өгч байсан. Лиг эхэлснээс хойш довтолгоо, давуулалтын үзүүлэлтээрээ нийт тоглогчдын дундаас тогтмол тэргүүлэгчийн байр суурь эзэлж байв. Ялангуяа лигийн шилдэг давуулагч гэдгээ 3 тойргийн турш батлан харуулсан. Үсрэлттэй, хүчтэй давуулалтаар багтаа ашигтай, давуу байдлыг маш олон удаа үүсгэж байсан юм. Хамгийн гол нь багийнх нь амжилт өсөж, уруудах ямар ч үед тоглолт нь тогтвортой сайн байсныг онцлууштай.

Г.ГАН-ОЧИР, М.ГАНБИЛЭГ - Энэ жилийн лигт тэд маш сайн тоглосон. Лигийн мөнгөн медальт багаас хамгийн их өсөлттэй байсан тамирчид тэд байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэдний сайн тоглолт ч мөн багийн ахлагчтай багагүй хамааралтай. А.Мөнхбаяр 2019 оны лигт голын хаагчийн байрлалд тоглож байлаа. Тухайн үед багт нь Г.Ган-Очир, М.Ганбилэг, Б.Ууганцэрэн, Б.Хосбаяр нарын олон залуу хаагч байсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Г.Ган-Очир, М.Ганбилэг нарын залуу мастерууд хэрхэн өсөн дэвшсэнээ энэ лигт хангалттай харуулсан. Тухайлбал:

  • Г.Ган-Очир энэ жилийн лигт давуулалтын алдаа хамгийн бага гаргасан тоглогчдын нэг.
  • Эхний 2 тойргийн статистик үзүүлэлтээр хаалтын оноогоор хаагчдаасаа 2-р байрт бичигдэж байв.
  • Г.Ганбилэг хаалт, довтолгоо, хамгаалалт, давуулалтад жигд тоглохоос гадна өндрийн довтлогчийн байрлалаас ч амжилттай тоглож, багийнхаа хувилбар, довтолгооны сонголтыг нэмж давуу байдал үүсгэж байсан.

Тэд талбайд байхдаа ихэнх тохиолдолд багтаа эерэг нөлөөтэй, нэмэх үзүүлэлттэй байдаг. Цаашид ч илүү өсөн дэвшиж, амжилтаа ахиулах боломжтой. Тамирчин хүний хамгийн чухал зүйл болох ХАНДЛАГА гээч зүйл тэдэнд байгаа нь анзаарагддаг.

Лигийн тэмцээний турш “Алтайн Барс Хилчин” багт бусад багаас өргөс мэт өндийн ялгарч байсан нэг л тод зүйл байлаа. Тэд үргэлж БИ БИШ БИД байдаг. Ялсан ч, ялагдсан ч бүх цаг мөчид хамтдаа, нэгэн зорилгынхоо төлөө зүтгэж чадсан юм. Талбай дээр алдаж, оносон бүх л үед нэгнээ дэмнэж, хожиж хожигдох ямар ч үед авсан оноо бүртээ баярлан ТЭВРЭЛДЭЖ байдаг тэдэн шиг баг байсангүй. Эндээс спортод хожлоос илүү, ялалтаас чухал зүйлс олон байдаг гэдгийг ойлгож болно. Ер нь спорт гэлтгүй аль ч салбарт бусдыг ялахаас илүү өөрийгөө ялж, өөрийнхөө зорилгод хүрч, өөрийнхөө сэтгэл ханамжийг бий болгох нь хамгийн чухал байдаг. Өргөн утгаар нь <<хор нь гарах>> гэж нэрлэдэг энэ чанарыг ялж, ялагдаж сурсан хүмүүс хамгийн ихээр мэдэрч чаддаг. Энэ туршлагыг А.Мөнхбаяр олж авснаа багтаа суулгасан болов уу.

12 тоглогч, 12 өнгө биш НЭГ ЗОРИЛГО, НЭГ БАГ байж чаддаг БАРСУУД та бүхэнд дараа жилийн лигт хүчтэйгээр эргэн ирэхийг хүсье! Дээд лигийн мөнгө, Бүх ард түмний спортын наадмын алт, Клубуудын АШТ болон Насанд хүрэгчид, Залуучуудын УАШТ-ий олон удаагийн алт, мөнгө, хүрэл медальт баг хамт олонд дутуугаа гүйцээж лигийн аварга болох зорилгодоо хүрэхийг ерөөж байна. Тэд хэзээ ч бууж өгөөгүй юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Барсууд” хэзээ ч бууж өгөөгүй  
Үзсэн: 3616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй