Шууд Chart

Олон хөлийн дунд цээж дэлгэн хэвтээд баясаж болдог баяр бол мөсний баяр

2022-03-08 13:56:38

“Хөх сувд 2022” мөсний баярын сурвалжилга

Хаана, хэзээ, хэн олон мянгаараа бужигнасан наадмын талбайд орон зайнаас үл хамаарч орчноосоо тасран, тув тунгалаг мөсөн дээр цэв цэнхэр тэнгэр ширтэн цээж дэлгэж хэвтээд сэтгэлийн угаас баясаж, хөгжиж чадаж байлаа. Бас аав, ээж нь хүүхдүүдтэйгээ, хөгшид буурлууд нь ач зээ нартайгаа яг л нэг үе, найзууд юм шиг гулгаж, тоглож, бүжиглэж байгаа тэр агшныг хаанаас харж болох билээ. Энэ бол “Хөх сувд” мөсний баярын дүр зураг. Энэ наадамд ирсэн бүгд шахуу монгол дээл хувцас, үслэг эдлэлээрээ гангардаг. Тайгын морь чарга, анчны эд хэрэглэл, цаатан, дархад, урианхай, халх, хотгойд ястны хувцас, хэрэглэл, тэдний дуу хөгжмийг энэ наадам тайз, талбайдаа амилуулдаг.

Тийм болохоор “Хөх сувд” мөсний баяр дан ганц аялал жуулчлалын эвэнт ч биш юм. Энэ бол байгальтайгаа хүйн холбоотойгоо мэдэрч буй монгол хүний баяр. Энэ бол өв соёлоо өвлөн тээх сэдэл сурвалж өгдөг наадам. Ийн байгаагаараа бүрэн байж хөх тайг, цэнгэг нуурын сайхныг мэдэрсэн хүн Хөвсгөл нуураа, ер нь байгалиа хайрлахгүй байж чадах уу.

Тиймээс ч “Хөх сувд” мөсний баяр өөрөө Хөвсгөл нуур хамгаалах арга хэрэгсэл. Зарим иргэдийн тавьж буй нуур бохирдуулахтай холбоотой шүүмжлэл бол өөрчилж засч, арга ажиллагаагаа сайжруулж болох ахуйн асуудал. Ер нь монголчууд бид дөрвөн хананы дунд хашигдаж байж сэтгэдэг, мэдэрдэг, суралцдаг улс биш юм гэдгийг энэ наадам харуулдаг даа.

Ингээд “Хөх сувд 2022” мөсний наадмын сурвалжилгаас хүргэе.


ХАЙЧИЙН АМАНД ХОЁР ДАХИА НААДАВ

“Хөх сувд 2022” мөсний баярын шавыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд тавьжээ. Хөвсгөл аймгийн ОБГ-ын мэдээгээр нуурын хамгийн гүн буюу 1 м 20 см хөлдсөн газрыг сонгож авсан нь энэ юм байна. 2019 онд мөн энэ газарт наадаж байв. Наадмын талбай ороход зайлшгүй зорчих газрын мөсөн замыг цэнхэр, шар, улаан тугаар тэмдэглэж, машины зогсоолыг нуурын эрэг дээр, хуурай газарт гаргажээ. Иргэд тэмдэг тэмдэглэгээг дагаж зохион байгуулалттай оролцдог болсныг цагдаа, онцгой байдлын албан хаагчид, мөн амрагчид өөрсдөө хэлж байлаа. Нутгийнхны яриагаар Хөвсгөл нуурын мөс 10 жилд нэг удаа цасаар хучигдаг байна. Энэ жил далайн мөс цастай байсан болохоор мөсөн хотхоны талбайн цасыг хусаж цэвэрлэсэн байлаа.


МӨСНИЙ БАЯР БОЛОХ ГЭЖ БУЙ НЬ УЛААНБААТАРААС Л АНДАШГҮЙ

Мөсний баярын урд өдөр УБ-аас баруун зүгт гарч яваа нэгэнд Хөвсгөлд хөл хөдөлгөөн ихдэхийг аяндаа хэлдэг. Булган аймаг руу ороход замын цагдаа мөсний баярыг зорьсон хөл хөдөлгөөн их байгааг хэлээд болгоомжтой, сайн явахыг сануулав. Мөсний баярт олонх аймаг, хотоос, мөн Франц, Ихбритани, Солонгос, Америк, Хятад зэрэг улсаас нийт 3000 гаруй автомашинтай 10 мянга гаруй аялагч, зочид оролцжээ. Ихэнх нь гэр бүл, албан байгууллагаараа аялцгааж байв.

Франц улсын аялагч Biot Pierre Emile, Steven Chung нарын "Танай улсын ард түмэн их баян хүмүүс шиг санагдлаа. Учир нь бүгд ийм гоё хувцас өмссөн байна. Дэлхийн ихэнх улс орнууд үндэсний өв соёлоо гээж байна. Гэтэл монголчууд одоо хэр нь хадгалсаар байгаа нь гайхалтай байна" хэмээсэн нь мөсний баярт оролцсон гаднынхны сэтгэлийн үг болов уу.


“ЭРЭГТЭЙЧҮҮД ЖОРЛОНД ДУГААРЛААД ӨӨРЧЛӨГДӨӨ ЮУ...”

Мөсний баярыг сурвалжилсан сэтгүүлчийн энэ үг “нээрээ, юу сан билээ” гэж бодогдуулав. Нийт 19 био жорлон Хатгал тосгон, наадмын ойролцоо ажиллуулснаас зөөврийн 8 жорлонг наадмын зүүн талбайн нуурын эрэгт гаргажээ. Мөн эрэгтэйчүүдийн бие засах зөөврийн цэгийг ч шинээр байрлуулсан байна. Ил задгай хогоо хаяж, бие засах тохиолдол эрс буурсан нь иргэдийн хандлага өөрчлөгдөж байгааг илтгэнэ. Наадмын хоёр өдөр нийт 10 тэвш хог ачиж тээвэрлэснийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар мэдээлэв.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, түүний ажилтан албан хаагч 200 гаруй хүн наадмыг гардан зохион байгуулж, түүний ард төрийн болон төрийн бус үйлчилгээний ажилтан албан хаагч 400-аад хүн гардаж ажиллаа. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажилтнуудаас гадна цагдаагийн газрын 70 албан хаагч, 11 тээврийн хэрэгсэл иргэдийн аюулгүй байдлыг хангав. Хоолны 75 гэр, бусад түргэн үйлчилгээний цэгүүдээс гадна Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь төрийн байгууллагууд асар майхан, үйлчилгээний цэг гаргаж цай, кофе, халуун аарц, шүүсээр ахмад настан, хүүхдүүдэд үнэгүй үйлчлэв.


ХӨХ ТАЙГЫН АНЧИНТАЙ ТААРЧ, МОРЬ ЧАРГА ХӨЛӨГЛӨВ

Мөсөн сур, шагайн харваа, тэшүүр, мөс мөргөлдүүлэх, олс татах, мөсний сумо, мөсний волейбол зэрэг тэмцээн болж, тахтай морин чарга, тахтай хатирагч морьдын уралдааныг зохион байгуулав. Мөн хамгийн сайхан морин чаргатай уяачдыг ч шалгаруулав. 1990-ээд он хүртэл Хөвсгөлийн тайга, нуурын орчмын нутгийнхны уналга эдэлгээний гол хэрэгсэл нь морин чарга байсан гэдэг. Энэ ахуй соёлыг уламжлан авч үлдэх зорилго ч мөсний баярт оршдог. Анхны мөсний баярыг санаачлагч, байгаль хамгаалагч Д.Лхагвацогт агсан нутгийнхаа чаргатай айл айлаар орж, чаргаа засч сэлбээд наадамд оролцохыг уриалж, өөрөө хамт сэлбэж засалцдаг байсан гэдэг юм билээ. 10 морин чаргатай эхэлж байсан уралдаан өнөөдөр өргөжиж, морь чарганууд нь улам гоёмсог болж, үр хүүхдүүд нь энэ соёлыг өвлөн тээж явна. Тэдний дунд морь чаргаараа 20 жил наадам чимсэн Д.Гэндэнгончиг гуай “Анхдагч” туузаараа гоёсон яваа харагдана билээ.       

      

Мөн “Хөх сувд” мөсний баярын гол үзвэрт дархад, цаатан, буриад, урианхай угсаатны тоглолтууд ордог. Дээр нь энэ жил “Хөх цом” яруу найргийн наадам, “Өвлийн соёл” үндэсний хувцас загвар шалгаруулах уралдааныг шинээр санаачилжээ. Урлагийн тоглолтоор Хөвсгөл аймгийн драмын театр, сумдын жүжигчид, сайн дурынхан гээд 280 уран бүтээлч дуулж хуурдан биелэв. Тэдний дундаас гөрөөсөн эвэртэй малгай, гөрөөсний арьсан дээл өмсч, чонын арьс нөмөрсөн, бүсэндээ далны яс, хэт хутга зүүж, гартаа ангийн буу барьсан идэр эрийн загвар олны харааг бүр ихээр булаав.


“ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ ӨГДӨГ МӨСНИЙ БАЯР” ГЭВ

Мөсний баярын талбай ирсэн зочдод тэр чигээрээ тоглоомын ертөнц. Тэшүүртэй, тэшүүргүй, чаддаг чаддаггүй бүгд хөл дээрээ тогтож ядан гулгах, алхахыг хослуулна. Ганц хоёр халтирч унаж дадаад аяндаа инээд хөөр болчихсон гулгацгааж харагдана. Халтирсан нэгнээ ч халуун элэгсгээр өргөж босгоно. Наадмын өдрүүдийн турш томчууд, хүүхдүүдийн инээдээр бялхаж байдаг газрын нэг нь талбайн хоёр талын мөсөн гулгуур. Аав охид, өвөө ач, ээж хүүхдүүдийн хамтдаа гулгаж тоглохыг харсан хэн бүхэн хүүхэд насаа санадаг болов уу гэлтэй. Тэшүүрээр гулгаж сурах гэж хичээх залуус ч наадмаар цөөнгүй. Эрдэнэт хотын залуугийн наймааг ч хүүхэд, залуус сайн дэмжив. Тэр тэшүүрээ цагийн 5000 төгрөгөөр түрээсэлж, 35 мянган төгрөгөөр худалдаалж байлаа.

Энэ бүх зураглал News.mn сайтын сэтгүүлчийг нийтлэлээ “Хүүхэд насанд хүргэж өгдөг мөсний баяр” гэж нэрлэхэд хүргэсэн биз ээ.


ХАЙР ДАГУУЛСАН МӨСӨН СИЙЛБЭРҮҮД

 “Хөөх ямар гоё, яасан хөөрхөн юм бэ, аяархан, болгоомжтой” гэсэн яриа мөсөн урлалуудын хажуугаас тасарсангүй. Өдөр нь наранд гялтганаж, шөнө нь гэрэлд тодорсон мөсөн сийлбэр, мөсөн фонууд аялагчдын зургаа татуулах бас нэг гоёл нь байв. Тэнгэрт дүүлсэн тул загас, дархад нутгийн сарлаг, эхтэйгээ эрх чөлөөтэй шумбаж яваа яст мэлхий, биеэ хураан мяраах ирвэс гээд бүх урлан нарийн сийлбэр, өгүүлэмжтэй. Үс арьсны ширхэг, нүд нүүрний хувирал, дүр байдал бүгдийг нарийн гаргахыг хичээж, наадмын урд шөнө сийлбэрээ урласан гэв. Наранд нарийн дүр хайлах учир зориуд цаг тулгаж шөнөөр урлажээ.

“Өмнө нь тендэр зарлахаар олон бэрхшээлтэй тулгардаг байсныг халж, энэ удаа уралдаан зарлаж, бүтээлүүдийг худалдаж авах зарчмаар ажилласан нь үр дүнд хүрсэн. Мөсөн урлалд 60 сая төгрөг зарцуулсан гэж таашаа мэдээлэл гарч байна. Ийм хэмжээний төсөв шаардагдах байсан ч 39 сая төгрөгийг мөсөн хотхон байгуулахад зориуллаа” гэж Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.МӨНГӨН–ЭРДЭНЭ мэдэгдэв. Ачааны жижиг машины 50 гаруй тэвш мөсөөр дээрх бүтээлүүдийг урлажээ.

Урлаачдын олонх нь Хятадын мөсөн урлалын наадам, уралдаанд амжилттай оролцдог туршлагатай уран бүтээлчид байв. 


ХАЛУУН ДАРСТАЙ ҮДШИЙН ШОУГ ДҮРЭЛЗЭХ ГАЛТАЙ БӨӨГИЙН ЁСЛОЛ ЗАЛГАВ

“Хөх сувд”ын мөсөн талбай хоёр өдрийн турш дуу хуур, тэмцээнээр тасарсангүй. Эхний өдөр үд хэвийх үед “шоу нь хэзээ хаана билээ” гэцгээхтэй таарав. Хүйтэн салхи, гялгар мөс, халуун дарс, чанга хөгжим, халтиргаа бүжигтэй үдшийн шоу зочдод зугаатай, бас сонин байгаа нь илт. Энэ шоугаар ч, өдрийн жиндүү салхинд ч хамгийн гүйлгээтэй наймааны нэг нь халаасан дарс байлаа.

Үдшийн шоуны хип хоп, реппер ая, нутгийнхны дуун цэнгүүн тун удалгүй зүүн хойхно байрлах бөөгийн тахилга, ёслолоор солигдов. Хөвсгөлийн овоонд, түүний лус савдгийг тахих зан үйл мөсний баярын уламжлалт гол үйл явдал нь билээ. 2018 онд Хөвсгөл нуурын баруун хаяа, ойн захад амнаас уур савсаж, гар, хөлийн үзүүр бээрэх хаврын хүйтэн үдэш бөөгийн ёс жаягийг дурандаа алдалгүй буулгах гэсэн гаднынхан хэдэн цаг хүлээхийг ч юман чинээ бодолгүй сахисаар сууж билээ. Түүн шиг монголчууд ч дүрэлзэн асах галаа тойрон бүчиж, зайран, удганы зан үйлийг нэгд нэгэнгүй ажиглан, уухайлж, хөгжөөсөөр үдшийг үдэв. Зайран, удган нийлсэн 7 бөө онгод тэнгэрээ дуудан хэц хэнгэргээ дэлдэн бөөлнө. Тахилгын оч тэнгэрт үсчин, улалзсан гал орчныг гэрэлтүүлж байхад хагас км-ын цаана хүрээ адил тойрсон “Хөх сувд”-ын мөсөн урлалууд өнгө, өнгөөр гэрэлтэн маргаашийг хүлээн амсхийх дөрвөн жилийн өмнөх агшин яг ижилхэн давтагдав.   


НУТГИЙН ГАР УРЧУУД СЭТГЭЛ ХАНГАЛУУН ҮЛДЛЭЭ

Мөсний баяраар нутгийн гар урчуудын морины эд хэрэглэл, модны ур, эврээр хийсэн аяга таваг, чоно, үхэр, хурганы элдсэн арьс, түүгээр хийсэн хувцас гоёл хамгийн сайн борлов. Эхний өдөр нь урдуураа алга дарам зайгүй модон аяга, таваг өрсөн залуу маргааш нь хоосон талбайд гарын тав хүрэхгүй тооны аягатай сууж харагдав. “Маргааш ирж хүүхдүүддээ тагш авна аа” гээд явсан би гайхан асуухад “аваад л явцгаачихдаг юм байна ш дээ” гээд баярласан сэтгэлээ нууж ядан суулаа.  

Хөвсгөл аймгийн Улаан уул сумын залуу Д.Батхуяг: модны ураар аяга таваг урлаад арваад жил болжээ. Аавынхаа эрдмийг өвлөсөн тэр энэ наадамд 40-өөд урлалтай ирээд хоёр дахь өдрийн үд гэхэд дуусч байгаа нь энэ. “Сүүлийн үед хар модны ураар хийсэн аяга, тавгийг хүмүүс сайн авдаг болсон. Гэдэс, ходоодонд сайн юм шиг байгаа юм. Бас хэдэн үеэрээ эдлэх гар хийцийн эд болохоор хүмүүс их сонирхож авдаг болсон. Ой модноос ур хайж олж, ухаж авчраад чанаж янзлахад их цаг, хүч зарцуулдаг” гэж байлаа.

Мөсний баяраар ийм урлаачид модон тагш аягаа 10-40 мянга, таваг 50 мянгаас дээш үнээр борлуулж байв. Наадмын эхний өдөр төмрийн дархан, эвэр хундага, бэлэг дурсгал урлаач, “сармай дээлт” чихэр, загас, жимсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, арьс нэхий элдэгч гээд нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид авчирсан барааныхаа талаас илүүг борлуулав. Эвэр аяга, хундага 5-15 мянга, гар хийцийн хээтэй тулга 450 мянга, чонын элдсэн арьс 250 мянга, дээлийн хурган дотор 1 200 000, чонын арьсан дах 3 500 000 төгрөгийн үнэтэй байлаа. Арьсан эдлэлийг мөсний баяраар сайн авдаг тухай ч тэд ярьж байв.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Д.Чинбат: Би өөрийнхөө хийсэн мөнгөн хэрэглэлтэй эмээл, ташуур, хазаар, жирэм, ганзага, мөн бэлэг дурсгалын бараануудтай ирсэн. Эхний өдөр л бараанууд маань дуусах дөхлөө. Яргай ташуураа 50 мянга, сүлжмэл хазаараа 70 мянга, мөнгөн хэрэглэлтэй, угалзтай, булигаар гөлөмтэй эмээлээ 5 сая төгрөгөөр зарж байна. Борлуулалт сайн байгаад баярлаж л сууна” гэв. Мөн Дархан, Орхон, Завхан, Төв аймаг, Улаанбаатар хотоос үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ авчирч арилжаалав.


“ХӨВСГӨЛДӨӨ ХОГ БИШ ХАЙР Л ҮЛДЭЭЕ” ГЭВ

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан:

Энэ жил мөсний баярын албан шийдвэр гарахаас өмнө Мөрөн сум, Хатгал тосгоны буудлын захиалга дүүрсэн байсан. Эндээс “Хөх сувд” баяр зөвхөн Хөвсгөлийнх биш Монголын том эвэнт гэдэг нь харагдаж байна. Тиймээс ч цаашид улам өргөн, зөв, сонирхолтой зохион байгуулахад илүү анхаарах хэрэгтэй. Ер нь цаашид аялал жуулчлалын эвэнтүүдийг мэргэжлийн холбоодод нь шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа Хөвсгөл нуурыг хамгаалж, эко аялал жуулчлалын бүс болгохтой холбоотой шийдвэр гаргасан. Энэ хүрээнд живсэн “Сүхбаатар” онгоцыг 35 жилийн дараа татан гаргаж мөнхийн зогсоолд нь зогсоолоо. Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгохтой холбоотой асуудал шийдвэр гаргах түвшинд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхааралд очсон нь маш том ач холбогдолтой. Энэ удаагийн мөсний баяр ч энэ цаг хугацаанд болж байгаагаараа онцлогтой. 

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар:

“Хөх сувд” мөсний баярт нийт 3000 орчим машин, 10 000 гаруй аялагчид оролцлоо. Бид баярт оролцогчдоос тандан судалгаа авч, өөрсдийнхөө ажилд үнэлэлт дүгнэлт хийхэд “Хөх сувд” мөсний баярын зохион байгуулалтыг сайн боллоо гэж олонх нь дүгнэсэн байна.

Бид юун түрүүн ирсэн аялагч, зочид үзэж харах, зугаацах цэнгэх үзвэр үйлчилгээтэй байх ёстой гэж үзэж ихээхэн анхаарч ажиллалаа. Мөн хог хаягдал, бохир, жорлонгийн асуудлыг эко байдлаар шийдэхийг хичээж ажиллалаа. Энэ жил “Хөх сувд” мөсний наадмаа “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор зохион байгуулсныг аялагчид их сайхан дэмжиж, хогоо ил задгай хаяхгүй, ил задгай бие засахгүй, соёлтой сайхан аялж амарлаа. Ингээд Хөвсгөл аймгийг зорин ирж баярлаж зугаацсан нийт аялагчид, үйлдвэр үйлчилгээгээ явуулж хамтарч ажилласан бүх байгууллага, иргэд, мөн онцгой байдлын болоод цагдаагийн албан хаагчид даа баярлалаа.

“Хөвсгөл далай ээж” нийгэмлэгийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюумаа:

Мөсний баярыг анх 1999 онд манай нөхөр, байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт агсан санаачилж байлаа. “Нутгийн иргэдийг байгаль хамгаалалд татан оролцуулж сэтгэлийг нь сэргээсэн ажлыг хийх ёстой юм байна. Мөн чаргатай морьдыг уналга ачлагад ашиглахаа болилоо. Энэ уламжлалыг сэргээе” гэж Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын дарга байсан Ж.Төмөрсүхэд уламжилж, хамтдаа Жиглэг гээд их далайн голд анх энэ баярыг зохион байгуулж байлаа. Энэ баярыг өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжүүлж, өргөжүүлж авч яваад баяртай байна. Би их олон газраар аялж байсан. Хөвсгөлийн мөс шиг гайхамшигтай тунгалаг цэнхэр мөсийг тэр орнуудад харж байсангүй. Японд явж байхад гэрийн буурины чинээ мөсөн талбай үзэх гэж чамгүй мөнгө төлж байсныг хараад гайхаж байлаа.

Мөсний баяраар хүмүүс далай дээр гишгэж явлаа гээд бохирдохгүй. Хамгийн гол нь нус цэрээ хаяхгүй, ил задгай бие засахгүй, хог хаяхгүй соёлтой байхад болно. Харин ч би мөсний баяраар, бусад цагт илүү олон хүн ирж нуурынхаа сайхныг, энэ гайхамшгийг үзээсэй, мэдрээсэй гэж хүсч байна” гэв.

Жүжигчин Л.Сөрөлт:

1999 онд манай аав нутаг орноороо бахархсан ийм баяр хийе гэж санаачлаад айлуудаар орж баяраа тайлбарлаад, танайх оролцоорой гээд явж байсан. Бид хоёр морьтой сундалдаад явдаг байлаа. Хөвсгөл нууранд олноороо цуглаж бохирдуулаад байна гэж иргэд бухимдах нь аргагүй. Гэхдээ бид зөв аялж сурахад л хамаг учир бий. Аавын нэрэмжит зурагт хуудасны уралдаанд оролцогчид “хог биш хайр үлдээе” гэх зэргээр их сайхан уриалгууд гаргасан байсан. Тэдний хэлснээр Хөвсгөл дөө бүгдээрээ хайр л үлдээе.

Сэтгүүлч Д.Даваадулам. 2022.03.07.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Олон хөлийн дунд цээж дэлгэн хэвтээд баясаж болдог баяр бол мөсний баяр  
Үзсэн: 3504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй