
Жил бүрийн 10-р сарын 1-ний өдөр болдог “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, худалдааны салбарын ахмад зүтгэлтнүүдийг хүлээн авч, “Хүнсний хувьсгал-ахмадын оролцоо” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, сайдын зөвлөх Б.Батбаатар болон газар, хэлтсийн дарга нар оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун салбарын ахмадуудтайгаа уулзсанд баяртай байгаагаа илэрхийлж, эрүүл энх байхыг хүсээд яамны цаашдын гол бодлого, зорилтыг танилцууллаа. Тухайлбал, ахмадуудыг ид бүтээж, хөдөлмөрлөж байх үед Монгол Улс дотооддоо бүхий л хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнээс гадна өмсөх хувцасаа хүртэл үйлдвэрлэдэг байсан. Харин одоо энэ бүхнийг эргэн сэргээж, “өөрсдөө бүтээж байсан, бүтээж чадах бүхнээ бий болгож, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд” гол анхаарлаа хандуулж, төрийн бодлого болгон ажиллаж байгаагаа онцоллоо.
Ахмадуудын зүгээс сайдын саналыг дэмжиж, хашаандаа, зуслангийн газартаа нарийн ногоо, жимс жимсгэнийн мод тарьж, хүнсний хувьсгал хийх томоохон зорилтод гар бие оролцох боломжтойгоо хэлсэн юм.
Өдөрлөгийн үеэр “XXI зууны агрономч” сэдвээр Монгол Улсын гавьяат агрономч, Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор Г.Даваадорж мэдээлэл өгсөн бол сарлагийн сүүгээр Европ бяслаг үйлдвэрлэх технологи нутагшуулсан талаар "Сүүн билэгдэл" компанийг үүсгэн байгуулагч, олон улсын бяслагны эксперт, хүнсний үйлдвэрлэлийн зөвлөх инженер С.Цэцгээ танилцуулга хийлээ. Мөн гавьяат агрономч Г.Даваадоржийн өрхийн үйлдвэрлэлийн органик бүтээгдэхүүнүүд болон европ стандартын бяслагийг дэлгэн танилцууллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ
“Хүнсний хувьсгал-ахмадын оролцоо” өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.