Шууд Chart

Радиогоо үүрсэн аав минь

2024-08-29 11:39:51

Монголын үндэсний радиогийн 90 жилийн ойд зориулав

Халуун алга нь хацарт хүрээгүй удсан ааваа санах хэцүү. нулимс урсчих гээд... бичих ч хэцүү... үг гар хоёр чичирчих гээд хэцүү хэцүү. Намар буцсан аавыгаа намраар санан дурсаж сууна. Дурсан санахдаа уул мэт ханагар дүрийг нь халуун дулаан сэтгэлийг нь дэлхий мэт том хайрыг нь бодож байна даа. Амь үр минь гээд хушуугаа цорволгож ирээд тэвэрч үнсдэг дүр нь санаанаас гардаггүй юм аа.  Аав гэдэг үрийн сэтгэлд өнө мөнх хайрлагдана. Сайхан аав минь ч миний  зүрх сэтгэлд өнө мөнх байна. Байсаар ч байх болно.

Аав бид  хоёрын тухай мартах учиргүй, мартахын аргагүй шүүдэр мэт гэгээн тунгалаг олон олон дурсамж бий. Аавтайгаа  Ачуутын голоо өгсөж уруудаж инээж, дуулж, уйлж явсныг ангир шар цэцэгс нь мэднэ дээ. Миний аав хөвч хангайн уул мэт ханагар, мөрөн мэт  дөлгөөн хүн байлаа. Миний аав багш хүн байлаа. Миний аав сэтгүүлч, зохиолч хүн байлаа. Алдрай надаас илүү амин хайртай шавь нар нь алтан нөхөд нь дүү нар нь мэднэ дээ. Аав минь гэгээн дүрээ хураасан ч... гэрэлт дүрийг нь өр нинжин сэтгэлийг нь итгэлт шавь нар нь, ижил олон анд нар нь, сайхан дүү нар нь өнөөдөр ч гэсэн ярьж, дурсаж байна. Миний аав өнөөдөр, одоо ч амьд сэрүүн гэж би боддог.  Үр намайгаа сайхан ханиа, найз нөхөдөө тэнгэрээс харан баярлаж суугаа. Ай сайхан аав минь.

Хаана л хүүхэд багачууд цуглаж шуугина тэнд ногоон дээлтэй аав минь байлаа. Аавыг минь улаан хацартай хүүхдүүд мөөг адил хүрээлдэг байлаа. Анд нөхөд , найз нар нь алтан нутагт нь хүрээд ирхэд  анд нөхөдөө аав минь ногоон дээлтэй тосдог байлаа. Булган хангайн бодь нэгэн нөмөр байлаа. Ижий минь ханиа дурсахдаа нулимс унагадаг. Анд нар нь нөхөрөө дурсахдаа нулимс унагад. Шгавь нар нь багшаа дурсахдаа хоолой зангируулдаг. Гэрэлт хань, гэгээн нөхдийнх нь нулимс бол аавын минь өр нинжин, өгөөмөр сэтгэлийнх нь ариун дусал гэж би санадаг. Нарны хорвоод хүн болж мэндлэх сайхан. Хүн шиг хүн байх сайхан. Хүн хүндээ хайрлан дурсагдах сайхан. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч зохиолч Лханаагийн Мөнхтөрийн дурсамжаас...

Булган хангайд олон сайхан уран бүтээлч бий. Тэрний түүчээ нь Нанзадын Хишигдорж.  Хишигдорж бол том биетэй хүүхэд юм.  Хишигдоржийн үндсэн чанар бол хүүхэдлэг чанар. Тэр уран бүтээлч хүн байсан. Анд минь олонтой, олон түмэнтэй хүн байсан. Тэр Булган аймгийн албан ёсны өвлийн өвгөн байсан. Шинэ жилийн үдэш өвлийн өвгөн болоод хүүхдүүдэд бэлэг тараах туртай байсан. Ийм л сайхан хүн. Тийм л сайхан уран бүтээлчдээ.

Хүрэн дээлтэй аав минь хэдэн зохиолч нөхдийнхөө дунд  галтай яриа дэлгэн инээж хөхрөөд сууж байсан нь. Хүрэн дээлтэй аав минь Ачуутын гүүрээ хотос хийлгээд алхаж байсан нь. Хүрэн дээлтэй аав минь өрөм айраг ааруул араажавынхандаа дэлгээд дулаан яриатай сууж байсан нь олныхоо сэтгэлд ижий аав шиг нь тод үлдсэн.

Аавыг минь анх радиогийн сурвалжлагч болход Монголын радиогийн “ Шинэ эрин” радио станц, нийгэм хөдөө аж ахуйн редакцын сэтгүүлч редактор Лханаагийн Мөнхтөр, Монголын радиогийн нэрт найруулагч Пүрэвжавын Цагаан нар миний хоёр алгыг зэрэгцүүлсэн юм шиг гуйлан шар аралтай өргөн суран бүсийг “ R-7” хэмээх сурвалжлагын хар аппараттай ёс төртөй өгч байсан гэгээн агшин өчигдөр мэт.  Цагаан ах, Мөнхтөр ах хоёр өнөө бүсийг давхараараа бүсэлсэн чинь доошоо сугараад уначихаж билээ. Би хажууд нь хараад зогсож байсан. Тэр л хором мөчөөс аавыг минь Булган хангай нутгийнхан.... Өө нөгөө зохиолч сэтгүүлч араажавын  сурвалжлагч Хишигээ гэх болсон. Одоо ч араажавын сурвалжлагч Хишигээгээ Булганыхан  мартаагүй л явна.

Ааваасаа хойш радиогийн ажлыг залгаж аваад  анхандаа яана даа гэж сүрдэж бас айдаг байлаа. Монголын радиогийн сэтгүүлч зохиолч ах эгч нар хайлган цайлган уран бүтээлчид өчүүхэн намайг яг л аавтай адил хоёр алгаа дэлгэн тосож, өлгийдөж авсан юм. Мартах учиргүй тэр сайхан хүмүүсийн ачаар би өдий зэрэгтэй яваа.  Монголын радиогийн хамт олон аавын минь сайн сайхан, өгөөмөр сэтгэлийнх нь тухай ярих бүрт би ааваараа улам бүр бахархаж, би ийм сайхан аавын хүү юм чинь хичээх хэрэгтэй нэрийг нь хугалахгүй юм шүү гэж өөрөө өөртөө хэлэх болсон. Аавынхаа гаргасан гэгээн зам мөрөөр гэлдэрч л явна даа. Аавтай минь  алба  ажлын өрөөнд ч сахиул манаач галчын жижиг сууцанд ч  адууны тоостой хээр хөдөө ч, жимс нь алагласан хөвч хангайд ч малчны хот, тариалангийн талбайд ч Сэлэнгэ мөрний сал дээр ч Саалчин бүсгүйн дэргэд ч хамт байсан  “ R-7” хэмээх алтан микорфон, алтан тоостой дуу хураагчийг  нь шүтээн болгож бурхан мэт дээдлэн адис авч явдаг би.

Албан томилолт аяны алтан шар замд аавыгаа санаж явах сайхан. Эх орныхоо аль ч газар хүрсэн аавынхаа тухай сонсох бүүр сайхан. Хайрлан санах аавтай байх сайхан.

Ирж буцахын гэгээн зөрөгт, шаргал мододын сэрчигнээнд, намрын бороо шиврүүлсэн будан дунд аавыгаа санах... Хамт л байсан алтан хором мөчөө дурсан суух сайхан байна. Олонд тустай дэмтэй,олондоо нэртэй хүндтэй, өр зөөлөн өгөөмөр сайхан аав минь нэгэн цагт Монголын радиог үүрч явсан. Одоо Монголын радио аавыг минь  үүрээд явж байна. Өнө хожим  аавыг минь  Монголын радио ижий шиг нь үүрд нуруундаа үүрнэ ээ.

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Радиогоо үүрсэн аав минь  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй