Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга НОБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2021-06-14 16:01:01

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Энэ үеэр тус газрын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлтгэл бэлэн байдал, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцаж, удирдах бүрэлдэхүүн, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн алба хаагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.



Тэрээр “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ төлөө өөрсдийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралаа хойш тавин ажиллаж буй энэ цагийн эрэлхэг баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөл, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд миний бие бүх талаар дэмжиж ажиллах болно“ хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шинэ долоо хоногийн шуурхай хурлыг удирдаж, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй, цаашид шаардлагатай арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.



Нийслэлийн Онцгой байдлын газар нь Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Захиргааны удирдлагын хэлтэс, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Санхүү Эдийн засгийн хэлтэс, Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ эрсдэлийн удирдлагын хэлтэс, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс түүний харъяа Гал унтраах, аврах 15 ангитай 15 хэлтэс, нийт 17 бүтцийн нэгжид Офицер, ахлагч 900 гаруй албан хаагчтайгаар нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Нийслэлийн Засаг дарга НОБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй