Шууд Chart

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2021-10-19 13:56:49

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаан 9 цаг 9 минутад 11 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, нийтийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирсний дотор зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр нэмэгдүүлэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сэргээж, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх нөлөөлөлтэй байгааг Сангийн сайд танилцуулсан.

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсан хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг Ирээдүй өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар Ш.Раднаасэд гишүүн тодруулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны нийт эх үүсвэр 228 тэрбум төгрөг байсан, одоо эх үүсвэрт нь өөрчлөлт оруулж байгаа хэмээн тайлбарласан. Тодруулбал, дотоодын НӨАТ-ын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт тооцдог байсан бол энэ удаа уул, уурхайгаас орох орлогыг нь нэмэгдүүлээд, дотоодын НӨАТ-ын эх үүсвэрийг хассан гэлээ. Урьд нь АМНАТ-ын орлогын 5 хувь Орон нутгийн хөгжлийн санд ордог байсан бол одоо 10 хувь болж нэмэгджээ. Ингэснээр нийт эх үүсвэр  40 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 253 тэрбум төгрөг болж байгаа гэлээ. Хуваарилалтын хувь, өмнө нь Төсвийн тухай хуулиар хүн ам, нутаг дэвсгэрийн алслалт, нягтрал, орон нутгийн хөгжлийн индекс, татварын идэвх, санаачилга гэсэн 4 төрлийн итгэлцүүрээр тооцдог байсан бол шинэ хуулиар 3 итгэлцүүрээр тооцож, хуваарилахаар болсныг тайлбарлав. Ингэснээр аймгуудад өмнө нь хуваарилагдаж байсан хувь хэмжээ буурахгүй гэдэг тайлбарыг Сангийн яамнаас өгсөн.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний өөрчлөлтийн талаар хэд хэдэн гишүүн тодруулга авсан. Төрийн албан хаагчдын 60-70 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт байдгийг Л.Энх-Амгалан сайд хэлсэн. Боловсролын салбарын тухайд энэ жилийн төсвийн шинэчлэлийн хүрээнд хувьсах зардал дээр өөрчлөлт орж байгаа гэдэг хариулт өглөө. Тодруулбал, өмнө нь боловсролын хүртээмжийн асуудалд ихээхэн анхаардаг байсан хандлагыг өөрчилж, чанарт анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлэх болно гэлээ. Боловсролын салбарын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авдаг цалин буурахгүй, харин хувьсах зардлын шинэ өөрчлөлтөөр урьд нь цалин дээрээ нэмж авдаг байсан орлого, үр дүнгийн урамшууллууд цалингийн нэг хэсэг болж нэмэгдэх бололцоо нээгдэж байгаа юм байна. Цаашдаа, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно гэдгийг Л.Энх-Амгалан сайд тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, төрийн өмчит компаниудаас авахаар төлөвлөсөн ноогдол ашгийн талаар болон НӨАТ-ын хувь хэмжээ, буцаан олголтын талаарх бодлогын талаар тодруулж, Сангийн сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан. Нийт 50 мянга орчим төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэдэг зарим төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр холбогдох тооцооллыг хийсэн байгааг Ц.Сандаг-Очир гишүүн тодотгоод, энэ арга хэмжээний зохион байгуулалт, үр нөлөөний талаар лавлав. Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй, цар тахлын нөлөөлөлтэй ийм цаг үед нэг ч албан хаагчийг ажилгүй болгох эрсдэлтэй алхам хийхгүй гэдгийг Сангийн сайд хэллээ. Дээрх тооцоолол, мэдээлэл нь дунд болон урт хугацааны зорилго, хөдөлмөр эрхлэгчид хамгийн ээлтэй байх загварыг сонгож, бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг онцлон тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төсвийн зардал, Засгийн газрын өрийн хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, алт, зэс, нүүрсний борлуулах үнийг багаар төсөөлж, төсвийн орлого бүрдүүлэх тооцоог дутуу төлөвлөж байгааг шүүмжилсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Б.Жавхлан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм.  

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төслүүдийг дэмжиж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн илэрхийлээд Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг өмнө нь тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж буйг дэмжиж байгаа гэлээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аймагт байгаль орчны нөхөн сэргээлт хийж иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогоос тодорхой хэсгийг тухайн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа аймгуудад нэмэлтээр тус тус хуваарилахаар өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын Орон нутгийн хөгжлийн санд хийх шилжүүлгийн суурь дүн 30 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн гэдгийг онцоллоо. Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангахад тал бүрдээ анхаарах шаардлага байгааг Ж.Батжаргал гишүүн тэмдэглэсэн. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний худалдан авалтыг дэмжих, зах зээлийг нь хамгаалах, борлуулалтыг дэмжих чиглэлд төр засгаас анхаарах, бодлогын арга хэмжээ авах шаардлага байгааг тэрбээр хэлж байлаа. Түүний энэ байр суурийг Х.Булгантуяа гишүүн дэмжиж, цар тахлын энэ хүнд нөхцөлд бизнес, аж ахуй эрхлэгчдээ дэмжих шаардлагатай, төрийн худалдан авалтыг дотоодоосоо хангах бодлогыг авч хэрэгжүүлэх хүлээлт бий. Харин төслүүд дээр энэ талаар огт дурдаагүй байгааг хэлж, цаашид энэ чиглэлээр бодлогын түвшинд зорилт тавьж, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж үг хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь 69.2 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй