Шууд Chart

Б.Энхмөнх: Аавын минь хүүгээ гэсэн хайр гарыг минь эдгээгээд зогсохгүй намайг зураач, сийлбэрч болгосон

2022-05-20 16:27:24

MNB.mn сайт

-Юун түрүүнд анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж буйд халуун баяр хүргэе. Манай сайтын уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул. Багаасаа өвгөд хөгшдийн ярьдаг үлгэр домгийг шимтэн сонсож, домгийн баатруудыг төсөөлөн харж зурдаг хүүхэд байсан. Соёл, урлагийн их сургуулийн харьяа Завхан аймгийн коллежийн зургийн ангийг зураач мэргэжлээр төгссөн. Мөн Монголын Дүрслэх урлагийн академийн Уран сийлбэрийн ангийг төгсөөд одоо магистрын зэрэг хамгаалахаар сурч байгаа.

Өөрийн үзэж сонссон үлгэр домгоос сэдэвлэсэн өөр өөр өгүүлэмжтэй бүтээлүүдээрээ “Домгийн амьтас - 1” анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 14-нөөс 25-ныг хүртэлх хугацаанд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэсэн. Энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд 10:00 – 17:00 цагийн хооронд Дүрслэх урлагийн музейд ирж үнэ төлбөргүй үзэх боломжтой. Ихэнх бүтээл минь тайлбартайгаа байгаа. Мөн би өөрөө үзэсгэлэнг маань үзэхээр ирсэн үзэгчдэд бүх бүтээлээ тайлбарлаж хүргэж байна.

-Та хэдэн настайгаа зурж, сийлж эхэлсэн бэ?

-Их сонин түүхтэй. Манай аав Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Баяндалай гэж хүн бий. Миний нялх балчир нас тэмээн дээр өнгөрсөн. Долоон настайдаа байхаа би тэмээн дээрээс унаад баруун гараа бэртээчихсэн юм. Аав хүүгийн минь гар эдгэхгүй бол яанаа гээд хэрэндээ л эдгээх арга хэмжээ авч гарыг минь сойсон. Байнгын сойлттой байлгаад байлгүй гарын минь бэртлийг сэдрээхгүйгээр хөдөлгөх гэж чүдэнз зуруулдаг байлаа. Манай нагац эгч нярав, бүр өндөрлөөд өрчихсөн падаантай хүн байдаг юм. Аав нагац эгчийн тэр падаануудын бичиггүй талд нь бэртсэн гарыг минь зүгшрүүлэх зорилгоор гурвалжин, дөрвөлжин дүрс зуруулдаг байсан. Тэр үеэс л би зураг зурж эхэлсэн. Аавын минь хүүгээ гэсэн хайр гарыг минь эдгээгээд зогсохгүй миний гарын ур, авьяасыг нээж өгсөн гэж боддог.

Түүнээс хойш айл руу орохдоо айл бүрийн хойморт байдаг гүнгэрваа, уран зураг, сийлбэр гэх мэт нарийн нандин, чамин эд зүйлийг сонирхдог болсон. Тэр үеэс л айл бүрийн хоймрыг “гэрэлтүүлсэн” бүтээл урлах хүсэл төрж, тэр хүсэлдээ хөтлөгдөн сийлбэрч болохоор шийдсэн. Гэтэл надад сийлбэр заах сийлбэр хийдэг хүн олдоогүй. Гэсэн хэдий ч би хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдэж, зураг зурах чадвараа өөрийнхөө хэр хэмжээнд хөгжүүлсэн.

Би мэргэжлийн сийлбэрч болох боломжийг урт удаан хугацаанд хүлээсэн гэж хэлэхэд болно. Багаасаа л сийлбэрийн багштай, ангитай сургуулийг хайж судалдаг байлаа. Дунд ангиа төгсөөд Соёл, урлагийн их сургуулийн харьяа Завхан аймгийн коллежид элсэхээр очиход сийлбэрийн анги байгаагүй болохоор уран зургийн ангид гурван жил сурч зураач мэргэжлээр төгссөн. Уран зургийн чиглэлээр “Seven art” уран зургийн хамтарсан үзэсгэлэнд оролцож, мөн Дүрслэх урлагийн академиас зохион байгуулсан “Намрын этюд” шилдэг бүтээлүүд тэмцээнд уран зургийн бүтээлүүдээрээ байр эзэлж байсан.

-Хэзээнээс сийлбэр хийж эхэлсэн бэ?

-Дүрслэх урлагийн академид элсээд С.Цэнгэл багшаасаа уран сийлбэрийн арга ухааныг тэгээс эхэлж сурсан. С.Цэнгэл багш бүр сийлбэрийн модыг таньж, бэлтгэхээс эхэлж заасан. Мөн Дүрслэх урлагийн академийн Уран сийлбэрийн ангид орж хичээл номын дуу сонсож эхэлсэн үеэсээ л уран бүтээлийн ажлаа эхлүүлсэн.

С.Цэнгэл багш маань сийлбэр заахаасаа гадна өөрөө монгол зургийн зураач, монгол зургийн үндэс заадаг. Багш бид хоёрыг сийлбэрээс гадна монгол зураг холбож өгдөг. Би багшаасаа монгол зургийн ховор чадварыг нь ч мөн сурдаг. Сийлбэрээс гадна монгол зургаар гарынх нь шавь болоод чадварыг нь өвлөн авч чадвал мэргэшээд чадваржихаараа өөрөө ч бас шавьтай болж дараа дараагийн үедээ өвлүүлж үлдээхийг хүсдэг. Би багшийнхаа ачийг багахан хэмжээгээр хариулахын тулд “Домгийн амьтас - 1” үзэсгэлэнгээ гаргахаар шийдсэн.

-Сийлбэрийн хэчнээн төрөл байдаг вэ. Үүнээс аль төрлүүдээр бүтээл урладаг вэ?

-Сийлбэрт модон, ясан, чулуун, мөсөн, элсэн сийлбэр гэсэн үндсэн төрөл байгаа. Би энэ дундаас мод, яс, чулуун сийлбэр хийдэг. Энэ нь дотроо нимгэнээсээ товгор гээд дөрвөн янз байдаг. Би гурваас дөрвөн төрлийн арга ажиллагаатай 34 бүтээлээ “Домгийн амьтас - 1” үзэсгэлэнгээрээ дэлгэж байгаа. Үзэсгэлэнд маань ясан болон модон сийлбэр, хагас, бүтэн, модон зураг, металлууд багтаж байгаа.

“Домгийн амьтас - 1” үзэсгэлэн минь хүрэл дүрснээс авахуулаад бодит амьдрал, эцэстээ модерн, абстракт дүрс рүү шилжиж байгаа учир үзэгчдийг он цагийн хэлхээгээр аялуулна. Мөн би аливаа бүтээл дөрвөлжин жаазтай байдгийг үгүйсгэсэн. Жааз бүр дөрвөлжин байх албагүй дугуй ч байж болно. Бүр миний “Аавын хонгор азарга” бүтээл тал жаазтай. Өөрөөр хэлбэл бүтээл маань жаазнаасаа халиад гарч байгаа. Энэ бүтээлийн тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлахад би аавынхаа уядаг байсан хонгор азаргыг хараагүй ч гэлээ сүр бараа, дэл сүүлийг нь гээд хонгор азаргыг нь бүхэлд нь төсөөлж “Аавын хонгор азарга” бүтээлээ урласан.

Уран сийлбэрийн бүтээлүүд маш их хугацаа шаарддаг. Эхлээд нарийн деталь бүрээр нь бодно. Сийлээд дуусчихсаны дараа ч бүтээл 100 хувь бэлэн болж үзэгчдэд хүрэх хүртэл будах эсвэл лакдах, өнгө ялгах зэрэг маш их арга ажиллагаа хийгддэг. Тиймээс “Домгийн амьтас - 1” үзэсгэлэн миний амьдралын 3-4 жил урласан бүтээлийн цуглуулга гэж хэлж болно.

-Үзэсгэлэнгийн нэр маш өвөрмөц санагдлаа. Яагаад ийн нэрлэх болов?

-Манай багш соёлын тэргүүний ажилтан Ч.Эрдэнэбилэг “Тэнгэрийн амьтас – 1, 2” гэж цуврал үзэсгэлэнгээ гаргаж байсан. Харин миний хувьд үлгэр домог сонсож, дурлаж өссөн, бүтээлүүд маань ч үүнээс улбаатай. Би домоглог бүтээл урладаг, өөрөөр хэлбэл бүтээлийнхээ баатруудыг уран сайхны хэтрүүлэгтэй дүрсэлдэг болохоор багшдаа уран бүтээлүүдээрээ, үзэсгэлэнгээрээ хүндэтгэл үзүүлж “Домгийн амьтас - 1” гэж үзэсгэлэнгээ нэрлэсэн.

Мөн надад зааж сургасан багш нарын маань мэдлэг чадвар дундаршгүй их гэдгийг илэрхийлэхийг хүсч зааж өгсөн эрдэм болгоноор нь урласан бүтээлүүдээ анхны бие даасан уран бүтээлийнхээ үзэсгэлэндээ дэлгэсэн. Тухайлбал, модыг зөвхөн бороор будах бус дээр нь янз бүрийн цаас нааж, ясан сийлбэр дээрээ металл суулгасан зэрэг харилцан адилгүй, дахин давтагдашгүй бүтээлүүд байгаа.

-“Домгийн амьтас - 1” үзэсгэлэнгээсээ манай уншигчдад нэг бүтээлийг тайлбарлаж, танилцуулж болох уу?

-С.Цэнгэл багш маань “Байгалийн бүтээлийг ашиглаад уран бүтээл хийх боломжтой. Байгаль өөрөө бүтээсэн бүтээлийг сайн харж, судалж чадах юм бол өөрийн гэсэн дүрстэй. Тэр дүрс болгоныг ашиглаад сийлбэр хийж болдог” гэж хэлсэн. Багшийнхаа хэлсний дагуу байгалийн ураар “Хайр”, “Хавар”, мөн бүтэн сийлбэрийн төрлөөр “Эх” гэж бүтээл сийлсэн. Байгалийн ураар хийсэн бүтээлүүд дахин давтагдашгүй байдаг. Учир нь байгаль өөрөө урлачихсан бүтээлийг уран бүтээл болгоход миний туслалцаа 10-20-хон хувь л ордог. Үүнээс “Эх” бүтээл бүтсэн түүх гэвэл би модны нүхтэй ур олоод түүнийгээ ямар бүтээл болгох вэ гэж нэлээд бодсон. Байгаль эхийн бүтээсэн тэр модны ур дотор Монголд ховордож буй булгыг сийлэхээр шийдсэн. Учир нь булга гэдэг амьтныг хүн дээл хувцас хийхийн төлөө агнадгаас гадна өөрөөс нь илүү хүчтэй амьтад ч мөн агнадаг. Хүчтэй нь хүчгүйгээ барьдаг ширэнгийн хуулийг харуулахаар “Эх” бүтээлдээ булгаас гадна бүргэд сийлсэн. Бүргэдийн өдийг нарийн гаргахын тулд бүргэдээ нэлээн нимгэн сийлэх шаардлага гарсан. Энэ “Эх” коллекцоос нэгдүгээрт хүнээс шалтгаалах хүчин зүйлсээс болж булга ховордож буйг мөн булга өөрөөсөө хүчтэй амьтнаас үр төлөө хэрхэн хамгаалахыг хичээж байгааг харж болно.

“Эх” бүтээл маань байгаль эхийн урласан модны ур болон хүний ур нийлж гарсан коллекц гэдгээрээ онцлог. Мөн “Эх” бүтээл минь жил бүр зохион байгуулагддаг “Цой” Монголын сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнд 2019 онд гуравдугаар байрт орсон. Миний хувьд жил бүр Монголын сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнд бүтээлээ оролцуулдаг.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Энхмөнх: Аавын минь хүүгээ гэсэн хайр гарыг минь эдгээгээд зогсохгүй намайг зураач, сийлбэрч болгосон  
Үзсэн: 2560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй