Шууд Chart

ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна

2025-11-23 14:34:49

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр болсон тул энэ цаг мөчид /2025.11.23/ Эрүүл мэндийн яаманд Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж байна.

Энэхүү Тохиолдлын удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.

Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.

Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна.

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд 2 аймаг байна.

Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе арванхоёрдугаар сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна.


 


ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй