Улсын Их Хурлын чуулганы хуралдааны өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийг О.Номинчимэг нарын УИХ-ын 78 гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Төслийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцууллаа. Тэрбээр, Тамхины хэлбэр хэрэглээ эдүгээ шинэ хэв маягт орсон гээд, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулж хяналт тавих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан хэмээлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тооцоогоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч, Номхон далайн баруун бүсийн хамгийн өндөр тархалттай орны долдугаарт жагсжээ. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг ноогдож буй аж. Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин, электрон тамхины шингэн болон төхөөрөмжийн хэмжээ 2020 оныхоос 175 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи Монгол Улсын гаалиар орж ирж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болсон байна. 13-17 насны сурагчдын 25 хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгааг 2023 онд ДЭМБ судлан тогтоожээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүйгээр үл барам хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлж байна. Хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх, судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэйгөөс гадна электрон тамхи утаат тамхинаас гарах арга хэрэгсэл болохгүйгээр үл барам өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин ихэсгэдгийг тогтоожээ. Иймд электрон тамхийг Сингапур, Норвег, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс бүрэн хориглож, 82 улс хууль тогтоомжоор эдийн засгийн болон эдийн засгийн бус зохицуулалтыг хийсэн байна. Үүний дотор Эстони, Финланд, Австрали, Герман, АНУ БНХАУ Нидерланд, Шинэ Зеланд зэрэг 20 улс амт, үнэрийг нь хоригложээ. Харин Монгол Улс өнөөдрийг хүртэл хуулийн ямар ч зохицуулалтгүй явж байна гэлээ.
Хуулийн төслөөр электрон тамхи, уламжлалт янжуурыг ялгалгүйгээр хуулийн ижил зохицуулалтад оруулахыг эрмэлзэж, онцгой албан татварыг 2026-2030 онд үе шаттай нэмэгдүүлэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг хайрцаг янжуур дунджаар 3850 төгрөгийн үнэтэй бөгөөд үүний 40 орчим хувийг татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд тамхитай улсын жагсаалтад багтаж улмаар тамхины хэрэглээг дэмжих нөхцөл болж байна хэмээлээ. Тамхины үнийг 10.0 хувиар нэмэхэд хэрэглээ хамгийн багадаа 4.0 хувь, хөгжиж буй орнуудад 5-7 хувь буурч буйг ДЭМБ-ын судалгаа тогтоосон бөгөөд эдийн засгийн аргаар зохицуулалт хийснээр өсвөр насныхан тамхинаас амархан татгалзаж байгааг мөн судалгаа тогтоожээ. Тамхины онцгой албан татвараар нэмэгдэх орлогыг тамхидалтын эсрэг тэмцэлд зориулахаас гадна сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжийг өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн үнэр, амтыг хориглох, ил тавьж худалдаалахыг хязгаарлах, гудамж талбайд алхангаа татах, ил татахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хороо 11 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргасныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийн онцгой албан татвар, гаалийн албан татварын хувь хэмжээг хэдэн хувь болгож ямар үе шаттайгаар нэмэгдүүлэх, гаа болон жимсний амт, үнэр оруулагчтай байхыг хориглож байгаа эсэх талаар, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг олон улсын хэмжээнд ашиглагдаж буй нас баралтын статистик мэдээлэл манай улсынхтай нийцдэг эсэх, бусад улс орнуудад зөөлөн аргаар тамхитай тэмцэж байгаа туршлагын талаар тодруулж, хариулт авчээ. Мөн УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан электрон тамхи болон янжуур тамхинд ногдуулах татварын ялгаа нь юутай уялдаж, ямар зохицуулалтын хүрээнд тогтоосон талаар, тамхины худалдаа нь далд эдийн засагт шилжих эрсдэл болон түүнд тавих хяналтын зохицуулалтын талаар, татвар нэмэгдсэнээр үүсэж байгаа хуримтлалын 50 хувийг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх талаар, УИХ-ын гишүүн А.Ганбаатар тамхины татварыг нэмэгдүүлж буйтай холбогдуулан бизнес эрхлэгчид бэлтгэл хангасан эсэх, үүнээс үүдэн сөрөг үр дагавар гарах эрсдэлийн талаар, электрон тамхины никотинд бус төхөөрөмжид татвар ноогдуулж байгаа нь дүнсэн тамхийг татахдаа ашигладаг гансанд татвар ногдуулна гэж ойлгох эсэх талаар, гаа болон үнэр, амт оруулагчийг хамтад нь нэг мөр хориглох эсхүл хориг тавихгүйгээр зөвхөн татварын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт хийж болох талаар, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглосон хууль хэрэгжихгүй байгаа, үүний хяналтын талаар асууж мэдээлэл авсан байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат электрон тамхины гаднах үзэмж сав баглааг хүүхдийн анхааралд өртөхгүй болгож хор хөнөөлийн талаарх сурталчилгааг олон нийтэд идэвхжүүлэх, мөн орон нутгийн бага төвлөрөлттэй аймаг, сумдад хүүхдийн орчинд тамхи худалдаалахыг хориглосон хууль нь уялдахгүйгээс болж хууль бус худалдаа явагдаж байгааг хэрхэн зохицуулах талаар, УИХ-ын гишүүн Б.Найдалаа улс орнуудын тамхины хуулийн зохицуулалт болон харьцуулалтын талаар, УИХ-ын гишүүн Ө.Шижир манай улсын гаалийн байгууллагад импортолж буй тамхин бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг эрх бүхий лаборатори байдаг эсэх, хийсэн шинжилгээний хариу нь шинжилгээний бичигтэй таардаг эсэх, мөн хуулийн төсөл яригдаж эхэлснээр хойш тамхины импортын татан авалт хэд дахин нэмэгдэж байгааг хэрхэн зохицуулж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуулиар тамхи татахыг зөвшөөрсөн цэгийг тодорхойлон, баар, цэнгээний газар тамхи худалдаалахыг хориглож, тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг шийдсэн. Мөн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрнаас 500 метрээс дотогш тамхи худалдахгүй гэсэн заалт тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн хэмээн тодотгоод, харин нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн дээрх заалтыг эргэж харахаас өөр аргагүй болоод байна гэлээ. Тэрбээр, Улаанбаатар хотын барилгажсан хэсэг болон сумын төвд энэ заалт хэрэгжих боломжгүй болж, тамхины худалдаа далд хэлбэрт орсон. Далд хэлбэрт орсноос 21 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй гэсэн заалт огт хэрэгжихээ болилоо гээд энэ асуудлыг шийдвэрлэх талаар цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж буйг тодруулав.
Тэрбээр асуудлыг шийдвэрлэх технологийн боломжууд маш их бий болсон. И-монголиа цахим платформоор дамжуулан цахим иргэний үнэмлэхийг нь уншуулж 21 нас хүрээгүй бол тамхи борлуулахгүй байж, 500 метр гэсэн хязгаарыг эргэн харах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь хотод сургууль, цэцэрлэг олноор баригдаж, 500 метрт тамхи худалдаалахыг хориглох заалт мөрдөхөд хүндрэл учирч байгаа бол хөдөө сумдад сургууль, дэлгүүрийн хоорондын зайтай холбоотой хүндрэл гарч буйг тодотгож байлаа.
Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан, Тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллага тамхи худалдахтай холбоотой зөрчлийг хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд жилд цагдаагийн байгууллага 300-500 орчим зөрчлийг илрүүлдэг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад торгуулийн шийтгэл оногдуулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлж ажилладаг. 500 метрт тамхи худалдаалахыг хориглосон асуудлаар хяналт шалгалт явуулахад хууль ёсны бичиг баримт, эрх олгогдоогүй байхад хууль бусаар лангуун доор худалдаалдаг зөрчлүүд илэрдэг. Төв, орон нутаг, нийслэлийн хэмжээнд 4000 орчим цагдаагийн албан хаагч сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Нийт зөрчлийн 50 орчим хувийг 500 метртэй холбоотой байна гэсэн хариулт өгөв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийг ямар нэгэн лоббид орохгүй, компанийн ашиг сонирхолгүй хүмүүсээр бүрдүүлэх ёстойг онцлов. Тэрбээр, Хуулийг батлах нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байдаг. Хууль баталсан ч холбогдох журам дүрэм нь гараагүйгээс гацаанд ордог хэмээгээд, бага насны хүүхдүүдийг онцолж нөлөөллийн ажлыг маш сайн хийх ёстойг тодотгосон. Хуулийн төсөлд тамхины хяналтыг хэрхэн тавихаар тусгасан, тамхи борлуулах автомат машин байж болох эсэхийг лавлав.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Зөвхөн хууль батлах бус нөлөөллийн кампанит ажлыг маш сайн хийх ёстой юм билээ. Манай улс Тамхины хяналтын суурь конвенцид 2005 онд нэгдэж орсон. Түүнээс хойш дөрвөн жил тутамд суурь конвенцын хэрэгжилттэй холбоотойгоор Конвенцын газраас бидэнд зөвлөмж ирүүлдэг. Уг зөвлөмжид Монгол Улс соён гэгээрүүлэх ажлаа орхигдуулсан байна. Хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тамхины хор хөнөөлтэй холбоотой контент гарахгүй байна. Нийгмийн эрүүл мэндээ хамгаалах зорилгоор татварын бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгааг анхаарч ажиллахыг тусгасан байсан.
Тус газраас гадна Дэлхийн банк ч ийм зөвлөмж өгдөг. УИХ ч 2023 онд тогтоол гаргаж энэ асуудлыг хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна. Тиймээс бид дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлдөө эрүүл мэндийн, боловсролын, цагдаагийн байгууллагууд соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах талаар тусгаж, төрийн байгууллагуудын чиг үүргийг нарийвчилж оруулсан. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн боловсролын хичээлийг нэмж, хорт зуршлын хүүхдүүдэд ойлгуулан соён гэгээрүүлэх ажлыг хийхээр тусгасан. Тамхины автомат машинтай холбоотой асуудлыг хуульд тусгахыг дэмжихгүй байгаа. Ийм машин байрлуулбал хүртээмжийг нь улам нэмэгдүүлнэ. 24 цагийн турш тамхи шилэн хоргонд байж байна. Хүүхэд худалдан авч буй эсэхэд тавих хяналт үр дүнтэй байдаггүй гэдэг нь олон улсын судалгаагаар нотлогдсон хэмээлээ.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, 2019-2023 оны хугацаанд эмэгтэйчүүдийн тамхи таталт зургаа дахин нэмэгдсэн. Хүүхдийн тамхи татаж буй нас 18 байсан бол залуужиж 15 настайгаасаа татах болсон байна. Эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдүүд тамхийг ихээр хэрэглэдэг болж байгаа нь манай улсын үндэсний аюулгүй байдалд маш том заналхийлэл юм. Тиймээс бид хуулиа яаралтай баталж хүүхэд залуучуудаа, эхчүүдээ хамгаалах шаардлагатай. Хорт хавдрын шалтгааны чинь 35 хувийг тамхидалт эзэлж байгаа. Электрон тамхи хор уршиггүй мэт ярьдаг нь ор үндэсгүй зүйл гэлээ.
Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа УИХ-ын гишүүн Ө.Шижир, Б.Мөнхсоёл, Дав.Цогтбаатар нар үг хэлж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.