Шууд Chart

Байгаль хамгаалагчдыг Бүгд Найрамдах Польш Улсад богино хугацааны сургалтад хамруулна

2022-09-20 12:49:35

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн байгаль экологийн асуудлууд, салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох болон цаашид хоёр орны хамтын ажиллагааг байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шинэ шатанд гарган хөгжүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.
 
Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох чиглэлээр түлхүү өрнөж, тэр дундаа байгаль хамгаалагчдыг тус улсад өвлийн улиралд богино хугацааны сургалтад хамруулж, туршлага судлах, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.
 
БНПУ нь жил хагас миллиард мод тарьж ургуулдаг, ойн сангаа сүүлийн 30 жилийн хугацаанд 27 хувиас 33 хувь болгон нэмэгдүүлж чадсан туршлагатай төдийгүй байгаль экологийн хүний нөөцийн чадавх нь дэлхийд үнэлэгддэг байна. Тиймээс цаашид манай улсын байгаль экологийн асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшыштоф Бойко уулзалтын үеэр илэрхийллээ.
 
Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов.
 
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс 1959 онд Варшавт, Польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээн ажиллуулсан юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Байгаль хамгаалагчдыг Бүгд Найрамдах Польш Улсад богино хугацааны сургалтад хамруулна   
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй