
Ираны Засгийн газар Олон улсын атомын энергийн агентлагийн 8 шинжээчийн Техраны цөмийн байгууламжуудад ажиллах зөвшөөрлийг өнгөрсөн 7 хоногт цуцалсан.
Тэдгээр найман шинжээч бүгд Герман, Франц улсын иргэд юм байна. Шалтгаанаа Өрнөдийн хүч түрсэн бодлогод өгч байгаа хариу гэж тайлбарлаж байгаа. Харин Европын холбоо Ираныг сөрөг үр дагаврыг нь тооцоолон, шийдвэрээ эргэн харж, тэдгээр шинжээчийн зөвшөөрлийг нэн даруй сэргээхийг Иран улсад уриалж байна.
Өнгөрсөн бямба гарагт Олон улсын атомын энергийн агентлаг Ираны цөмийн байгууламжид ажиллах эрхтэй шинжээчдийн багийн зарим гишүүн цаашид Техраны цөмийн хөтөлбөрийг шинжлэх эрхгүй болж байгааг мэдэгдсэн. Европын холбоо Иран болон дэлхийн зургаан орны хооронд байгуулагдсан 2015 оны цөмийн гэрээнд зуучлагчаар оролцож байгаа. Дээрээс нь тус гэрээгээр Олон улсын шинжээчдийг Ираны цөмийн хөтөбөрийг хянах эрхийг хангаж өгсөн.
Иймд тус холбоо шинжээчдийн зөвшөөрлийг цуцалсан нь 2015 оны цөмийн гэрээнд хяналт тавих шинжилгээ судалгааны үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар ноцтой нөлөөлнө гэж санаа зовниж байна.
ОУАЭА-ын тэргүүн Рафаэль Гросс Техраны энэ алхам мэргэжлийн бус, өмнө нь байгаагүй алхам боллоо. Энэ шийдвэр агентлагийн бүрэн эрхтэй оролцдог үйл ажиллагааг төлөвлөх, явуулахад сөргөөр нөлөөлж, ОУАЭХ болон Ираны хооронд байх ёстой хамтын ажиллагаатай илт зөрчилдөж байна гэж мэдэгджээ.
Ираны шийдвэрээр тус агентлагаас томилогдсон хамгийн туршлагатай шинжээчдийн багийн гуравны нэг нь Техраны цөмийн байгууламжид нэвтрэх боломжгүй болж байна. Харин Иран улс Өрнөдийн улс төрийн хүчээр түрэмгийлэх үйл ажиллагааны хариу гэж шийдвэрээ тайлбарлаж байна.
Ираны Гадаад хэргийн яам АНУ, Франц, Герман, Британи болон цөмийн гэрээнд оролцогч бүх хүчтэй тоглогчдын улс төрийн хүч түрсэн байдалд хариу арга хэмжээ авлаа гэж мэдэгджээ.
Техраны энэ шийдвэрийн хариуд Британи, Франц, Герман улсууд Иранд тогтоосон хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Иран улс хэдийгээр энхийн зорилгоор уран баяжуулж байгаа гэж тайлбарладаг ч НҮБ Ираныг цөмийн байгууламжуудад ураныг өндөр түвшинд баяжуулж байгаа гэж үзэхүйц шинж тэмдэг ажиглагдсан гэж энэ сарын эхээр мэдээлсэн юм.
ОУАЭА Ираны цөмийн байгууламжуудад цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа эсэхэд байнгын хяналт тавих зорилгоор шинжээчдээ томилсон. Олон улсын цөмийн мэргэжилтнүүд Иран улс үнэхээр цөмийн материалаа энхийн зорилгоор ашиглаж байна уу, уран баяжуулалт нь эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хэрэглэх түвшнээс дээш байна уу гэдгийг тогтмол хянаж байх чухал үүрэгтэй ажилладаг юм.
АНУ 2018 онд тус гэрээнээс гарч, Ираны эсрэг хоригоо сэргээснээр Иран улс жилийн дараа гэрээг зөрчиж эхэлсэн. Ингээд гэрээнд оролцогч талууд болох Пи5-1 буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн + нь Герман улс Ираны цөмийн хөтөлбөрийг царцаах зорилготой тус гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Венад өнгөрсөн оны наймдугаар сард хэлэлцээ эхлүүлсэн.
Техраны дээрх шийдвэрээс болоод энэхүү хэлэлцээ мухардалд орох вий гэсэн болгоомжлол бий болж байна.
Европын холбоо цөмийн шинжээчдийн зөвшөөрлийг нэн даруй сэргээхийг Иран улсад уриаллаа | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.